Хурим найрын ёс хайж байх зуур Монгол түмний ястан бүрийн онцлог зүйлсийг дурьдсан мэдээлэл олсноо хадгалж авав.
http://turuunii_undraa.blog.gogo.mn
Цаатан
2014 оны 05-р сарын 28 Нийтэлсэн Ундармаа
Цаатан
Хөвсгөлийн их тайгад дөрвөн улирлын турш цааны бэлчээр даган хэрэн нүүдэллэж, аж төрдөг тайгын иргэдийг цаатан гэж нэрлэдэг. Цаатангууд бол уйгар угсааны монголжсон ойн соёд урианхай юм. Цаатангийн үндэс угсаа нь уйгарууд бөгөөд Тагна, Соёны их тайгаар нүүдэллэн аж төрж, олон үеийг дамжиж буй болсон тайгын нүүдлийн уламжлалт амьдралын хэв маягийг бүтээсэн. Уйгар буюу цаатан иргэд нь эртний монголын Уйгарын хаант улсын удам угсааг авч яваа хүмүүс юм. Увс аймгийн сангил сумын нутгаас 1968 онд олдсон хаданд сийлсэн сүг зурганд цаа буга унаж , урт жад бариад явж буй хүнийг дүрсэлсэн байдаг. Эл сүг зураг нь монголд эрт дээр үеэс цаа бугыг гаршуулан уналга, эдэлгээнд ашиглаж байсны баримт юм. Эрт дээр үеэс цаа маллаж, аж төрдгөөс цаатан гэж нэрлэх болсон. Цаатангуд нь өөрийн гэсэн хэл, ёс заншил, шашин шүтлэг, аж төрөх арга хэлбэртэй цөөнх болж байгаа ястан юм. Тэд уйгар хэлтэй. Тайгад өөр хоорондоо уйгараар ярина. 2010 оны хүн амын тооллогоор 282 иргэд өөрсдийгөө цаатан хэмээн бүртгүүлжээ.
Цаатангуудын соёл иргэншлийг өнөө хүртэл хадгалж ирсэн том өв бол өөрсдийнх нь орон байр болох урц (өүке) яах аргагүй мөн. Урцыг хэрхэн барих, хаана барих, ямар аргаар барих гээд өөр өөрийн тогтсон дэг жаяг, ёс уламжлалтай байна. Ихэвчлэн нойтон хар модоор мөчрүүдийг өөлөн хийнэ. Үзүүртэй ацтай модыг гол модоо олгон огтлон авдаг. Урц үндсэндээ мод (алаадже) бүрээс (алхе) хоёроос бүрдэх бөгөөд даавуу, арьс, брезентэн бүрээсийг нилээд хожуу (XIX үеэс) хэрэглэх болсон талаар эрдэмтэн судлаачид тэмдэглэсэн байна. Цаатан ардууд нь 3-4 метрийн урттай, том урц бол 28-32, жижиг урц бол 17-23 ширхэг мод орсон, брезентээр бүрсэн уламжлалт сууцандаа цельсийн нэмэх 31 хэмээс цельсийн хасах 53 хэм хүртэлх цаг уурын нөхцөлд өнөөг хүртэл амьдарсаар байна. Өмнө нь ямар нэгэн ан амьтны болон цаа бугын арьс, модны холтосоор урцаа бүрдэг байсан бол 1970-аад оноос судалгаа явуулж байж, бүх урцыг брезентээр бүрэх болжээ. Нэг урцанд дунджаар 65-75 метр брезент ордог бөгөөд ихэвчлэн дангаар нь бүрнэ. Урцанд эд юмс тавих, гэр орны зүйлийг засах тогтсон хэв, ёс заншлыг хэрэглэдэгээс гадна энэ нь тэдний сүсэг бишрэлтэй холбогдсон ёс суртахууны зүйлүүдийг илэрхийлдэг. Цаатан иргэдийн өөрийн соёл иргэншлийн гол онцлог баталгаа нь цаа бугатай салшгүй холбоотой. Цаа бугыг эртнээс гэршүүлсэн цаатангуудын эрхэлдэг гол аж ахуй нь агнуур бөгөөд хөвсгөл аймгийн хөвч ойн оройгоор цаа бугаа хариулан нүүдэллэн амьдардаг байна.
Цаатан ардуудын олонхиос онцгойрон ялгардаг зан заншил нь:
• гэр бүл болох хурим найр хийх
• оршуулгын зан үйл хийх
• цаа сэтэрлэх
• ан авд мордох
• урц гэрээ барих
• нүүж суух зэрэг төрөхөөс эхлээд жам ёсоор хорвоог орхих үе хүртэл амьдралын хугацаанд давтах үйлүүд болно.
Цаатангууд бөөгийн шашин шүтлэгтэй ард түмэн юм. “Цаатан бөө нь дархад бөөгийн мөргөлтэй агуулга хэлбэрээрээ бараг адил. Гэхдээ эртний шинж, агуулга ёс дэглэмийг нэлээд хадгалсан, буддын шашны нөлөөнд ороогүй өвөрмөц шинжтэй ” гэж С.Бадамхатан тэмдэглэжээ. Цаатан ардуудын өрх бүр урц гэрийн хойморт эцэг дээдсийн нь сүнс сүлд шингэсэн онгод шүтээнээ гэрт эд зүйлс байрлуулах ёс жаягийн дагуу залсан байдаг. Харин нэг овог удмын цаатангууд өөр өөрийн тахиж шүтдэг онгон газар байдаг бөгөөд жилд 1-2 удаа очиж тахиж шүтэх ёс байдаг.
Цаатангуудын дээлийн энгэр нь дөрвөлжин, арьсаар дээд талд нь хараа тавинэмждэг. Эр хүний дээлэнд хирвээ тавьдаггүй, арьсаар нь эмждэг. Хормойг тойруулан 2-3 см өргөн хилэн, эсвэл хар тугалын арьсаар давхарлан оёно. Эмэгтэй хүүхдийн дээлийг 15 наснаас нь эхлэн хормойн эмжээрээс дээш өвдөг орчим хүртэл урд, ар хормойг тойруулан хар хилэн, эсвэл өнгийн даавуугаар хошлон татаж, хошлонгийн дээд талыг улаан, доод талыг өнгийн даавуугаар эмжин дээлэнд даруулан оёдог. Эрдгарсан хойно хошлон тавьдаггүй. Дээлийн ханцуйд хар хурган нударга залгадаг. Хүүхдийн дээл том хүний дээлнээс хийцийн хувьд ялгагдах зүйлгүй. Эмэгтэйчүүдийн гоёлын дээлэнд хирвэс эмжээр хадна. Ерийн дээлэнд хийдэггүй. Ан гөрөөнд өмсдөг дээл нь ерийнхөөс оготор байдаг нь явахад хөнгөн гэдэг. Эр хүний гоёлд модон гэртэй их, бага хоёр хутга, хэт (дархад, буриад хийцийн), тамхины илгэн сав, хасуурга, модон гаанс зэрэг багтдаг. Урьд цагт эмэгтэйчүүд нь бүсний бэлнээс сувс, янз бүрийн өнгийн бөс даавуу, зоос мөнгө, инээлэг (уртаараа 9 см, өргөнөөрөө 2 см модон гэртэй, гадуур нь гууль, цагаан тугалгаар бөгжилсөн зүүний сав) мөн түүнээс сэнж гаргаж бөс даавууны цуулбар унжуулж, хоёр гартаа алт, мөнгөн бугуйвч зүүдэг байсан ажээ. Голчлон чинээлэг айлын эмэгтэйчүүд, хүүхдүүд ийнхүү гоёл чимэглэл эдэлж, даавуу, торгон дээл өмсөж байснаас ядуучууд нь өвөл, зуны нэхий, сармай дээлнээс өөр өмсөх хувцасгүй, зуны цагт дээлээ бэлхэнцэглэх юм уу эсвэл дээлгүй, хөл нүцгэн явдаг байсан гэж өндөр настангууд нь дурсдаг байжээ.
1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 1177
Хотон

Хотончууд нь түрэг гаралтай монгол ястан юм. Хотон ястан нь Увс нуурын баруун урд талаар нутагладаг. Лалын шашинтай ч тэдний шашны ёсонд Монголын буддын шашны нөлөө нэвтэрсэн байдаг. Хотон ястан голдуу Увс аймгийн Тариалан сум,Наранбулаг сум, Улаангом хотод голчлон суурьшжээ. 2010 оны хүн амын тооллогоор11304 хүн өөрсдийгөө хотон ястан хэмээн бүртгүүлжээ.
Хотон нэрийг янз бүрээр тайлбарладаг. Үүнд- Хотон нь анх Дөрвөдийн ноёдын албат болж ирсэн учир эрчүүл нь гадагш гарахдаа хатан (эм) хүний хувцас өмсөн зүсээ буруулж явснаас тэгж нэрлэсэн гэх, бас анх 20 орчим эмэгтэйчүүд баригдаж ирсэн тул тэдний удам нь хатан (хотон)гэгдэх болсон гэдэг. Мөн хаад ноёдын гэрийг тойрон хот маягаар байрлан сууж байснаас тийм нэртэй болсон гэлцэнэ. Хотонгууд нь угтаа Казахын Жантекей овгийн дотор байдаг Казбек ясны 20-иод айл Дөрвөдийн зарц болсон бөгөөд анх 7 айл ирсэн нь 7 овог болсон гэдэг. Бас эрт үед хотон гэдэг нь "одон" гэсэн түрэг үгээс хувирч ирсэн бөгөөд Исламын сүмийн орой дээрх "нар сар"-ыг "сүлд од" хэмээх тул энэхүү агуулгаас болж Исламын шашныг шүтдэг хүмүүсийг хотон гэж нэрийджээ гэж зарим судлаачид тайлбарлажээ.
Зүүнгарын хаант улсын Галдан бошигт 1678 онд Дорнод Туркестан, түүний баруун өмнөд этгээдийн Хотон хотыг харъяандаа оруулаад, Бага Бухарын буюу Нангиад улсын Нан лу мужийн зургаан хотын нийт хүн амтай нийлүүлэн нийтээр нь тариа тариулахаар авчирсан гэх бөгөөд нийтээр нь “Хотон” гэж нэрлэх болсоноос үүсжээ. Эл үеэс монгол, манж түүх шастирт “Хотон аймаг” гэж тэмдэглэх болсон байна. Хотонгууд гар усалгаатай тариалангийн уламжлалт дадлага туршлагыг хадгалсаар иржээ. Голын хөндий дагуу тариа, хүнсний ногоо тарьж Галдан хааны цэрэгт нийлүүлдэг байв. Зарим нь цэрэгт явж 1690 оны орчим Улаангом, Хархираа голын хавиар цэргийн хүнсний тариаг тарьж байжээ. XYIII зууны дунд үед дөрвөд, баяд нар Зүүнгар улсаас зүүн тийш нүүдэллэн Алтайг давж ирэх замдаа хотон хүмүүсийг олзлон авч Заг, Түй, Байдраг гол орчмоор нутаглажээ. XYIII зууны хоёрдугаар хагасаас XX зууны эхэн хүртэл хотон нар хошуу ноёндоо тариалангийн бүтээгдэхүүнээр алба барьж малыг нь малладаг байсан бөгөөд монголчуудын дунд удаан суухдаа нэлээд монголжиж дөрвөд аялгуугаар ярьдаг болсон байна.
Манай хүн амын гурван хувийг эзэлдэг хотончууд эртнээс газар тариалан эрхэлж ирсэн тул дээлнийх нь ханцуй нарийн, ихэвчлэн нударгагүй байдаг гэнэ. Харин ахмад настнууд болон баяр ёслолын үеэр өмсөх дээлээ нударгатай хийдэг аж. Хотон дээлний эсгүүр нь халх, зах нь баруун монголчуудынхтай төстэй боловч дээлэнд нь хар өнгө зонхилдгоороо бусад ястнаас ялгардаг байна.
Хотон эрэгтэйчүүдийн дээл халхынхаас бараг ялгагдахгүй бөгөөд тэд ихэвчлэн хонь, хурганы нэхий, сармай дээл өмсдөг аж. Тэдний дээлний энгэрийг хар материалаар өргөн хэмждэг нь эртнээс уламжлалтай. Эртний хотон эрчүүд ичиги хэмээх гутал өмсдөг байсан нь одоо бараг үгүй болжээ. Тэд одоо дөрвөд госонг ихэвчлэн өмсдөг гэнэ. Хотон эрчүүд баруун монголчуудтай адил даавуун бүс бүсэлж, гаанс, тамхины даалин уут тэргүүтнийг бүсэндээ зүүдэг байна. Хотон эхнэрийн хамгийн гол гангараа буюу бусад ястангаас ялгарах онцлог гоёл чимэглэл нь үсний чачваг юм.Тухайн эмэгтэйг нөхөрт гарахад үсийг нь хоёр сүлжээд чачваг зүүдэг заншилтай.
...Боос борогч гүүтэй хаймны Бодын үнэтэй чачваг хаймны...гэх хотон ардын дуунаас үзэхэд чачваг нь нэг бодын үнэтэй байжээ.
2 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 1340
Хотогойд

Хотогойд нь XY-XYII зууны дунд үед Ойрад болон Халхчуудаас бүрэлдэн тогтсон угсаатны бүлэг юм.2010 оны хүн амын тооллогоор 15460 хүн өөрсдийгөө хотогойд ястан хэмээн бүртгүүлжээ. Одоо хотогойдууд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Арбулаг, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Түнэл, Их-Уул, Завхан аймгийн Нөмрөг, Түдэвтэй, Баянхайрхан, Баянтэс, Тэс, Тэлмэн суманд амьдардаг. Хотогойд нар XX зууны эхэн хүртэл Халх-Ойрадын завсрын аялгуугаар ярьдаг байжээ.
Хотогойдын гарал үүслийг гадаад дотоодын эрдэмтэд судлаж, ойрад монголоос гаралтай гэдэгт бараг санал нийлдэг бөгөөд угсаатны бие даасан бүлэг болсныг 17-р зуун гэж үздэг. Хотогойд гарал үүслийг судалж Оросын зарим эрдэмтэн түрэг угсааны аймаг хэмээн үздэгтэй манай эрдэмтэд санал нийлдэггүй. Иймээс хотогойд нар нь дөрвөн ойрадын бүрэлдэхүүнд байсан хойд аймгийнхнаас гарсан гэж үздэг. Хотогойдын гарал үүслийг түүхч эрдэмтэн С. Пүрэвжав, С. Чулуун нар тусгайлан судалж, “хойд, гойд” гэсэн хоёр үг нийлж хотогойд гэдэг хоёр угсаатны нэр болсон гэж үзсэн бол ардын дуу хөгжим судлаач Ж. Бадраа “Хот, хоньтон” гэсэн үгнээс гарсан болов уу хэмээн үзсэн байдаг. Түүхч доктор С. Чулуун “хотогойд” гэдэг үгний хот гэдэг нь хонь гэсэн үг, эл үгэнд т-гэсэн олон тооны дагавар залгаад хоньт гэсэн үг үүсэж хоньт бүхий хойд аймгийхны нэр буй болж, улмаар хотогойд ястны нэр болсон гэж үзжээ.
1620 он гэхэд Ойрад-Хотогойд хоорондоо нэлээд тэмцэл зөрчилтэй байжээ. 1657 онд Ойрадын хунтайж Сэнгэ Хотогойдыг цэрэглэн дайрч эрхшээлдээ оруулжээ. Дараа нь Галдан бошигт Халхад нөлөөгөө ахиулахын тулд Засагт хантай найрсаг харилцаа тогтоох үүднээс Хотогойдыг Засагт ханы мэдэлд өгчээ. Гэвч Хотогойдын ноён Лувсанринчен Засагт хан болон Ойрадын Галдан нартай эвээ олохгүй байсан учраас 1685 онд 1000 албат дагуулан Хөх нуурын тийш нүүн одож, Манжид шурган оржээ. Улмаар 1690 онд Өвөрмонголын “Улаан будан” гэдэг газарт Манж-Ойрадын хооронд болсон тулалдаанд Лувсанринчен албатаа дагуулан Манжийн талд орон байлджээ. Тэрбээр 1696 онд манжийн цэргийн хуаранд өвчнөөр нас барахад түүний дагуулж ирсэн Хотогойдын 1000 гаруй албат иргэд бутран сарниж нэг хэсэг нь 1709 онд эх нутагтаа эргэн ирж Увс, Ховдын газарт зонхилон сууж халхчуудтай холилджээ. Эл үед Зүүнгарын хаант улсын бүрэлдэхүүнд Дөрвөн Ойрад буюу Цорос, Дөрвөд, Хошууд, Торгууд аймаг хамрагдаж байжээ. Хожим Торгууд аймаг Ижил мөрний зүг нүүсэн учир түүний оронд Хойд аймаг Дөрвөн Ойрадын нэг болсон. Хойд нь Хотогойдтой удам угсааны хамааралтай болно.
XYI-XYII зууны зааг дээр Халхын баруун гар, Засагт хан аймгийн баруун хойд нутагт Хөвсгөл нуураас Увс нуур хүртэлх өргөн уудам нутагт Гэрсэнз Жалайр хунтайжийн угсааны Шолой сэцэн Жолой Уваш хунтайжийн захиргаанд захирагдах болсноор хотогойдууд нэлээд хүчирхэгжиж нутаг усаа тэлсэн бөгөөд түүхэнд гарч иржээ. Хотогойд нар Манж нарыг төдий л ойшоодоггүй, харин Орос нартай холбоо сүлбээгээ бататгахыг хичээж элч солилцож байсан тухай түүхийн сурвалж бичигт тэмдэглэсэн байдаг. Засагт хан аймгийн харьяат байсан хотогойд нар 1694 онд өөрийн албан ёсны хошуу болох Эрдэнэ дүүрэгч вангийн хошууг байгуулсан бөгөөд эл хошууны ноёноор Шолой сэцэн Жолой Увашхунтайжын удмын Гэндэн, түүний хүү Бүүвэй, түүний хүү Банди, түүний хүү шадар ван Чингүнжав нар үе дарааллан болж байв. Чингүн жав 1737 онд хошуу ноёнг залгамжилсан боловч 1757-1758 онд Халхад гарсан эрх чөлөөний төлөө зэвсэгт бослогыг толгойлсон тул түүнийг цаазаар аваачиж, дүү Ренчингийн удмаас Хотогойдын тэргүүнийг залгуулж байжээ. Чингүнжавын дараа Хотогойдын Эрдэнэ дүүрэгч вангийн хошууг Манж нар хувааж Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу, Ахай бээсийн хошуу, Мэргэн гүнийн хошуу, Далай гүний хошуу, Цогтоо вангийн хошуу гэсэн таван хошуу болгожээ.
Хотогойд ястан нь хуримлах зан үйл, гэр бүл болох ёсон, ардын тоглоом наадам, баяр цэнгэл, аман зохиол, үлгэр домог, дуу хуурын баялаг уламжлал соёлтой. 18-р зууны сүүлээс хотогойдууд нь халхуудтай хутгалдан нэгдэж, хэл яриа аялгуу, ёс заншил хэвшил ахуйгаараа халхшиж эхэлсэн. Халхжих явц удаан жил үргэлжилж байгаагаас угсаатны өвөрмөц ёс жаягаа алдсаар одоо бараг халхаас ялгарахгүй болж байна. Гэхдээ угсаатны өвөрмөц онцлогын ул мөр одоо ч байсаар байна. Хотогойдууд хэзээнээсээ тэмцэгч ард түмэн аж. Хотогойд нарын дундаас монгол угсаатны үндэсний баатараар өргөмжлөгдсөн шадар ван Чингүнжав, Монгол улсын гурав дахь ерөнхий сайд Жалханз хутагт С. Дамдинбазар, Дилав хутагт Жамсранжав, Богд хааны зарлигаар 1914 онд цэргийн яамны орлогч сайдаар томилогдож байсан Дүүрэгч ван Намхайжанцан, Монгол улсын Ерөнхий сайд С. Баяр, нарын зэрэг түүхэнд нэрээ үлдээсэн нэрт хүмүүс төрсөн байна.
1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 739
Хамниган

Хамниган гэдэг үг нь камни-гакан, эвенк (солон барга) хэлээр “уулынхан” гэсэн утгатай гэдэг боловч энэ үг одоо ч гэсэн өөрийн тайлал шаардсаар байна. Олон улсын эрдэмтэд хамниганы угсаа гарлын талаар нэлээд судалсан хэдий ч тодорхойдүгнэлтэд хүрээгүй байна. Ононгийн Хамнигадын нутаг хад, мод ихтэй тул бусад монголчуудаас нэлээд тасархай оршиж байсан ч эртний монгол хэлээ удтал хадгалан үлдсэн, Байгал нуур орчмын Тунгус, Дагуур Буриад нар хамтран нэгэн дор хэсэг байснаа хожим нь салж сарнисан бөгөөд Зүүн тийш гарсан (Хар мөрний) Хамниганы нэлээд хэсэг нь Монголд Ерөө голын орчим хожим нь очиж суурьшсан хэмээн үздэг байна. Зарим эрдэмтэд Хамниганы гарал үүслийн талаар “олон мянган жилийн тэртээ Алтайгаас Усун улсын иргэд Хар мөрний адаг хүртэл нүүдэллэн явах замдаа үлдэж хоцорсон хүмүүс” гэлцдэг.
1904 онд Оросын судлаачдын хийсэн бүтээлээс үзвэл Сэцэн хан аймгийн Баяндэлгэрийн хошуу, гүн Пунцагнэрэн, засаг Дашдэндэв, гүн Гончигцэрэн нарын хошууг тус тус хамниган олонтой гэжээ. Дээр өгүүлсэн гүн Пунцагнэрэнгийн хошууны нутаг нь үе улирсаар Эрдэнэ гүний хошуу болж, дараа нь Дорнод аймгийн Баян-Уул, Цагаан-Овоо сумд болжээ. Иймээс ч энэ хоёр сумдад хамниган угсаатан амьдарч байгаад буриад, халхад уусаж цөөрсөн гэх үндэслэлтэй.
Ерөөгийн хамнигад нь Ходоодын булан, Ялбаг, Танга, Бугант, Барлаг, Шарлун, Харлунгийн эх, Цөхөд орох Галттай Төмөртэй горихон, Минж голын ээлтэй зэрэг газар суух ба Дорнодын хамнигад нь Онон голын 3 харуул-Агаца, Гилбэр, Улхун болон Тогосогийн шилийн өвөр дагуу Улз голын хойд захаар оршин суудаг. Үүнээс илүү олон нь Дорнодын хамнигад бөгөөд тэд нар Дархан Ба гүний хошуу буюу Төв аймгийн Мөнгөнморьт сум, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг: Эрдэнэ гүний хошуу буюу Дорнод аймгийн Баян-Уул, Цагаан-Овоо сум, Хэнтий аймгийн Норовлин сумд, Дайчин бэйсийн хошуу буюу Хэнтийн Батноров, Норовлин, Бэрхийн хороо захиргаа: Хөвчийн Жонон вангийн хошуу буюу Хэнтийн Биндэр, Өмнөдэлгэр, Батширээт, Дадал сумдад сууж байна. Хэл ярианы хувьд Ерөөгийн хамниган, Мөнгөнморьтын хамниган, Цэнхэр мандал, Мөрөнгийн хамнигад, орчин тойрныхоо монголчуудаас бараг ялгарахгүй шахам болжээ.
Хамниган эхнэр хүний дээл, ууж Буриад эхнэрийн хувцасны эсгүүртэй нэлээд төстэй. Дээлийн хормой эргэн тойрон дөрвөн хуруу өргөн тасамтай. Харин урд энгэр, цээж хоёрын уулзварт буриадынхны адил эмжээрийг ердийн даавуугаар голчлон хийдэг. Хамниган эхнэрийн дээл ихэвчлэн нударгатай. Өвлийн дээлэнд халиу булга, туулай, хонь хурганы арьсаар жижигхэн нударга хийдэг байжээ. Хамниган авгай нар бүс бүсэлж, хоёр тал руу нь цацаг унжуулдаг. Хавар, зуны улиралд тэрлэг өмсдөг. Эрэгтэй хувцасны тухайд анчдын хувцас нэлээд онцлогтой. Гөрөөсний арьсаар өвдгөө хүрэхгүй богино хормой, уужим суга, намхан захтай дээл хийж өмсдөг. Хамниган нар малгайгаа голдуу ангын арьсаар хийнэ. Чинээлэг нэг нь халиу булганы үс, хааяа үнэг, чонын арьсаар хийнэ. Малгайн оройг ихэвчлэн цэнхэр, хөх торгоор гадарладаг. Оройг нь дугуйлан хол ширж, урт бүч хаддаг байжээ. Эрэгтэйчүүд нь ангын үс хадаж гоёсон, саравчтай, орос маягийн малгай болон үнэгний арьс хадсан лоовууз маягийн буриад, халх малгай өмсөж байсан тухай өвгөд нь хуучилдаг. Тэд чандаганы арьсаар өвлийн дээл хийдэг бөгөөд нэг дээлэнд 50-60 чандаганы арьс ордог ажээ.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 232
Үзэмчин
2014 оны 05-р сарын 27 Нийтэлсэн Ундармаа
Үзэмчин
Эртний Монгол угсаатаны нэг Үзэмчин ястан билээ. Үзэмчин гэдэг нэрийн гарлыг "үзэмтэй" газраас нүүн ирснээс тэгэж нэрлэсэн гэх буюу "үзмэрч, төлөгч" байснаас ийм нэр олсон гэх төдийгүй "үзүүртэй, хурц шулуун" гэсэн утгатай гэсэн үгнээс үүсэлтэй хэмээн янз янзаар тайлбарладаг. Хэл соёлын хувьд Ойрад Монголтой арай ойр дөт болох нь ажиглагддаг.
1207 онд Их Монгол Улсын үед алс баруун зүгээс үзэмчин, үжигээдүүд нэгджээ. Эрт үед үзэмчингүүд Үзмийн цагаан уулын ойролцоо нутаглаж малын туурайгаар бяцран гишгэгдэх хүртэл элбэг дэлбэг үзэм жимсээ хураан боловсруулж амьдардаг байсан хэмээн домоглодог.
Үзэмчингүүд Чингис хаанд нэгдэн ирснээс хойш өнө удаан жил эл нутагтаа амьдран суусан бөгөөд XY зууны үед Батмөнх Даян хааны хүү Төрболдын эзэмшилд орж хааны зарлигаар говьд шилжин суурьшжээ. ХVI-XVII зууны заагт Халхын Сэцэн ханд захируулжээ. Дараа нь Өвөр Монголд харъяалагдаж байгаад Манж улс Өвөр Монголыг эзлэх үед түүний захиргаанд оржээ. Ийнхүү Үзэмчин нар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн харъяанд баруун, зүүн хошуу хэмээх чуулганд хоёр хэсэг болон суурьшсан бөгөөд 1945 оны өвөл тэдний нэг xэсэг нь БНМАУ-д нүүн шилжин ирж дагаар орж нутагласан байна. Энэ үед голчлон зүүн Үзэмчин хошууны хүмүүс орж ирснээс гадна баруун хошуунаас цөөхөн өрх айл иржээ. Дорнод аймгийн дэвсгэрт нутагласан Дорж ноёны албат явсан зүүн үзэмчин нар 1946 онд шинэ засаг захиргаатай болж, Хэрлэн, Баян сумыг байгуулсан бөгөөд 1959 онд Баянтүмэн хот, Булган сумнаас тасалж байгуулсан Баянтүмэн сум, 1961 онд Хэрлэнбаян, Хөгнө сумаар байгуулсан Сэргэлэн суманд харъяалагдах болсон байна. Нөгөө хэсэг болох баруун үзэмчин хошуунаас ирэгсэд нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд суурьшжээ. 2010 оны хүн амын тооллогоор 2577 иргэд өөрсдийгөө үзэмчин хэмээн бүртгүүлжээ.
Үзэмчин нар нь тараг бүрдэггүй, шашин шүтлэгийн хувьд сүлд шүтлэгтэй байжээ..Дорнод аймгийн Сэргэлэн суманд 1959 он хүртэл тахигдаж ирсэн сүлд бол Өвөр Монголын Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны "хөдөө сүлд", байгаад 1945 онд Дорж ноён тэргүүтэй хэсэг айл Монголд дагаар орж ирэхдээ авчирчээ. Энэ сүлдийг "Чингисийн Алтан Дөрөө" хэмээх бөгөөд задалж үзвэл нүдний хараа буурна, нүгэл хилэнц нэмэгдэнэ гэдаг тул гардан хадгалж явсан занги хүртэл дотор нь юу байгааг мэддэггүй байжээ. Аман ярианд Галдан Бошигт Манжтай хийсэн тулалдааны үед Соёлзын голд сүлдтэй тэргээ шаварт суухад хөлөглөсөн морио суллан авч шүтээнээ орхисон тул үзэмчин хошууныхан сүлдлэн авч тахисан гэдэг. Сүлдыг будаж гоёсон тэргэн дээр орой дээрээ алтан шармал ганжиртай, дээсээр зээглэж 4-н өнцөгт нь халз тавин гоёсон цагаан эсгий бүрээстэй тохилог мухлагт залах бөгөөд үзэж болохгүй тул наагуур нь хөшиг татсан байдаг.
Үзэмчин дээл нь захны урд хэсгээс энгэр рүү задгайрсан, ханцуй нь нарийн урт, зах нь босоо өндөр, дээлийн хормой дэрэвгэр байдаг. Хантаазыг “хажаар, жанжаар” гэх мэтээр нэрлэдэг бөгөөд эрчүүдийн хантааз нь ар, урд, хажуудаа оноотой, дагасан давхар эмжээрүүдтэй. Эрчүүд нь духай, залаат малгайнуудыг голчлон өмсдөг. Эмэгтэйчүүд нь өдөр тутам богино ууж өмсөж, хүндэтгэлийн үед урт уужийг хэрэглэдэг. Үзэмчин эмэгтэйчүүд уран нарийн хийцтэй, мөнгөн эдлэлийг маш их хэмжээний эрдэнийн чулуутай хамт хэрэглэнэ. Духны урдуур олон салаа улаан шүрүүд унжсан байх ба бусад ястны адил нөхөрт гараад үсний гэрийг хэрэглэнэ. Туйвны дээд хэсгээр улаан шүрээр чимсэн мөнгөн тоногтой. Ихэвчлэн том том эрдэнийн чулуугаар хүзүүний гуу хийж зүүдэг. Бэлний доод хэсэгт жижиг сэнжнээс зүүсэн таван өнгийн алчуураар гоёдог.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 1110
Урианхай

Урианхай нь хэл, соёл, угсаа гарал нэгтэй Монголын олон ястны нэг болохын дээр гарал үүслийн хувьд Монгол угсаатан дотроосоо одоогийн нэрээрээ тэмдэглэгдэж ирсэн хамгийн эртний гарал үүслийн түүхтэй ястны нэг юм. Урианхай угсаатны түүхийг Хүннү гүрний дараах үе, Сүмбэ (Сяньби) улсын үеэс эхлэлтэй гэж үздэг. Урианхай нь 7-р зууны үеэс анхны Монгол аймгийг Хиад, Дарлиган аймгуудын хамтаар үүсгэн байгуулсан гэж үздэг бөгөөд энэ талаар Эргүнэ Хүний домогт тодорхой өгүүлсэн байдаг.
XIII зуунд буюу Их Эзэн Чингис хааны үед Урианхай аймгаас Зэлмэ, Сүбэдэй зэрэг олон баатарлаг жанжин төрөн гарч байсан тухай Монголын нууц товчоонд өгүүлсэн байдаг. Чингис хааны есөн өрлөг жанжины нэг Зэлмэ нь Чингис хааны амийг гурвантаа аварч, цэргийн их жанжин Сүбэдэй нь Чингис хааны байлдан дагуулалтад онцгой үүрэг гүйцэтгэж байжээ. Дундад Ази, зүүн Европын улс орнуудыг Сүбэдэй жанжины удирдсан их цэрэг байлдан эзэлж байжээ. Дундад зууны үед Урианхай аймаг Хэнтийн нуруунаас Хөвсгөлийн уулс руу нүүж, улмаар тэндээс Ойрад Монголчуудын нэрэн дор Или, Тарвагатайн нуруу руу нүүсэн байна.
Зүүнгарын хаант улсын үед Галдан Бошигт хааны удирдлаган дор дайн тулаанд оролцож явжээ. XVIII зууны дунд үеэс Алтайн нуруунд суурьшиж тэндээ одоог хүртэл аж төрж байгаа болно. Энэ олон жилийн нүүдэл, суудлын үеэр Урианхай аймаг нь нутагшин суурьшсан газар усныхаа нэрээр Хэнтийн Урианхай, Хөвсгөлийн Урианхай, Алтайн Урианхай хэмээн нэрлэгдэн иржээ.
Юан гүрэн мөхсөнөөс хойш Урианхай аймаг энд тэндгүй тархаж, зарим нь Дөрвөн Ойрадын дотор багтаж, зарим нь Зүүн Монголын бүрэлдэхүүнд орж, хожим нь тэд Халх, Өвөрмонголын дунд шингэжээ. Дөрвөн Ойрадын дотор багтсан урианхай цорос буюу өөлд аймагтай ихэд ойр дөт байсан тул тэднийг хамтад нь Өөлд урианхай гэж нэрлэдэг. XYI зууны үед Зүүн Монголын зургаан түмний нэг гэгдэж байгаад нэг хэсэг нь XYII зууны эхээр Алтайд хүрч нутаглан Халхын Засагт хан аймгийн захиргаанд орж, хожим нь одоогийн Говь-Алтай аймгийн Тонхил, Төгрөг, Цээл, Алтай, Бугат, Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Өлгий аймагт харьяалагдах болжээ. Алтайн урианхайчууд Баян-Өлгий аймгийн Буянт, Булган сумдын нутагт, Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут суманд аж төрж байна. Нэлээд тооны урианхайчууд Сэлэнгэ аймгийн Орхон, Зүүнбүрэн сум, Хэнтий аймагт суурьших болжээ. 2010 оны хүн амын тооллогоор 26654 иргэд өөрсдийгөө Урианхай хэмээн бүртгүүлжээ.
Урианхай сурын харваа нь наадмаар харвах зуны сур харваа, өвөл цагаан сараар голын мөсөн дээр харвах "Мөсний сур харваа" гэсэн хоёр төрөлтэй байдаг. Урианхай сурын харвааг томоохон хэмжээний баяр наадмаар харвадаг бөгөөд нум сумыг шүтэн дээдэлж, сурын харвааны эртний хатуу чанд уламжлалт зан заншлыг мөрдөж ирсэн байна. Мөн эр хүний наадам гэдэг утгаар нь эмэгтэй хүн сур харвахыг өнөөг хүртэл хориглож иржээ.
Мөн Алтайн Урианхайчууд тууль хайлдгаараа алдартай бөгөөд алдартай том туульсыг хэдэн өдөр хайлж байж туульч гэсэн эрхэм нэрийг зүүдэг байна. Эрт дээр үеэс тууль хайлж ирсэн алдартай туульчдын талаар үлгэр мэт сайхан дурсамжуудыг Урианхайн настнууд ам дамжин ярьж байдаг.
Урианхай эмэгтэйчүүд сээтэн чихт малгай, өргөн ханцуйтай ууж өмсдөгөөрөө ялгарна. Ууж нь хатуу босоо дэргэр мөртэй, ардаа оноотой байдаг. Эрэгтэйчүүд нь цагаан өнгийн дээлийг өдөр тутам өмсдөг. Ташаа хүртэл нь урт оноо гаргаж онооныхоо дээд талд хар даавуугаар том угалз оёдогоороо бусад үндэстнээс ялгарна.Энгэр хормойг нь өргөн хар торго ба хурганы арьсаар эмждэг.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 322
Малчин-Тува
2014 оны 05-р сарын 26 Нийтэлсэн Ундармаа
Малчин-Тува
Тувачууд МЭӨ III-I зуунд Хүннү, YI-YIII зуунд Түрэг, YIII-IX зуунд Уйгур, IX-XII зуунд эртний Киргиз, XIII-XIV зуунд Их Монгол Улсын бүрэлдэхүүнд багтаж байжээ. МНТ-нд “Туулай жил (1207) Зүчи баруун гарын цэргийг авч... Ойрад, Буриад, Барга, Урсууд, Хабханас, Ханхас, Тубас аймгийг оруулаад...” хэмээн дурдсан байдаг бөгөөд эл “тубас” хэмээснийг “тува” мөн хэмээн үздэг. 2010 оны хүн амын тооллогоор Монгол улсад 5169 хүн өөрсдийгөө тува хэмээн бүртгүүлжээ. Эдүгээ тувачууд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум, Ховд аймгийн Буянт суманд оршин суудаг.
Одоогийн Монгол улсад амьдарч буй тувачууд буюу Алтайн тувачууд Тагнын Тувагаас хэзээ тасран салж Алтайд нутаглах болсон асуудлыг судлаачид нэг мөр тодруулаагүй байна. Тухайлбал, доктор А.Очир “Алтайн монгол хэлт урианхай нар Түрэг угсааны тува, тэлэнгүд нартай удаан хугацаанд зах залган нутаглаж, бас Зүүнгарын хаант улсын бүрэлдэхүүнд хамтдаа орж захирагдан явахдаа түрэг угсааныхны хэл, соёлын нөлөөг ямар нэг хэмжээгээр авсан байна. Түүгээр ч үл барам угсаатны бүрэлдэхүүнд нь түрэг элемент оролцсон нь тэдний овгийн бүрэлдэхүүнээс мэдэгдэж байна ... Тэгээд ч Зүүнгарын хаант улсын үед тэднийг түрэг гаралтай тува, тэлэнгүд урианхай нараас ялган өөлөг урианхай, өөлд урианхай хэмээн нэрлэдэг байж” хэмээн тэмдэглэсэн нь бий. Доктор Ц.Гантулга Манж Чин улс монголчуудыг эзлэн дагуулахаас өмнө тува нарын нэг хэсэг нь Ойрад монголчуудын бүрэлдэхүүнд багталцан захирагдаж байсан тухай тэмдэглэсэн байна. Зарим түүх бичгийн мэдээнд Галдан бошигт хаан Өөлд, Халх, Урианхайн 11 түм гаруй хүмүүсийг баримтлан захирч нэлээд хүчирхэгжээд идэр эр 50000, зэвсэгт цэрэг нь 30 мянгад хүрсэн байна. Галданцэрэн хааны (1727-1745) үед тухайлбал, 1734 оноос овог удам, хүч чадал нь харилцан адил бус зэрэг байдлуудыг харгалзаж отгийн тоог нэмэгдүүлэх арга хэмжээг авч, 12 отгийг шинээр байгуулсны дотор 5300 өрх, 6 зайсан бүхий тэлэнгүд отог багтаж байжээ. Эл тэлэнгүд отогт Алтайн Тувачууд багталцдаг байсан бололтой хэмээн тэмдэглэжээ. Харин зарим судлаачид сурвалжийн мэдээ болон угсаатны зүйн эх хэрэглэгдэхүүнд тулгуурлан Алтайд тувачууд нутаглах болсон явдлыг XIII зууны үеийн түүхэн хэрэг явдалтай холбогдоно хэмээн тайлбарлажээ. Түрэг аймагт харъяалагдаж байсан урианхай нь тува удмынхан болох бөгөөд тэдний нэгэн хэсэг нь олон үеийн турш монголчуудтай холилдон суусаар бүрэн монголжсон байна.
Манж нар Алтайн урианхайчуудыг бүрмөсөн эзлэн авсныхаа дараа Тэнгэрийг тэтгэсний 27-р он буюу 1762 онд Ховдын Хэбэй амбан Пуй-И-д зарлиг буулгаж, Алтайн урианхайн долоон хошуу байгуулан зүүн, баруун хоёр гарт хуваан захируулжээ. Тэдгээр долоон хошууны Зүүн гарын дөрвөн хошууны хоёр нь, Баруун гарын гурван хошууны нэг нь тувачуудаас бүрдэж байв.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 273
Торгууд

Торгууд бол монголын их гүрний эзэн хааны торгон цэрэг болж явсан отог овгоос гаралтай, хожмын дөрвөн ойрадын улсын нэгэн гол аймаг мөн билээ. Торгууд түмэн нь одоогийн Ховд аймгийн Булган суманд зонхилон суудаг бөгөөд 2010 оны хүн амын тооллогоор 14176 хүн өөрсдийгөө торгууд ястан хэмээн бүртгүүлжээ. Торгууд нь ноёд вангуудын орд өргөө, бие хамгаалах торгон цэргээс үүссэн ажээ. XII зууны эцэст Хэрэйдийн Ван хан Тоорил торгон цэрэг бүрдүүлснээс үүдэж торгуудууд үүсч Их Монгол Улсын үед эзэн хааны торгон цэргийн отог овгийг бүрэлдүүлж явснаас тусдаа нэгэн ястан болжээ. Торгууд хэмээх нэрний учир нь, МНТ-нд дурдсанаар “Хэрэйдийн Ван хан 1000 турхагуудтай, Хамаг Монголын Тэмүжин хан 70 турагуудтай ...” хэмээсэн байдаг бөгөөд судлаачид “турхаг, тураг” гэдэг нь том биерхүү гэсэн утгатай монгол үг, хэлний хөгжлийн явцад турхагууд, турагууд нь “торгууд” болсон хэмээдэг.
1420-иод оны үед Тоорилын удмын ноён Амгалан өөрийн харъяат торгууд нарыг авч Зүүн Монголоос нүүдэллэн Ойрадын Тогоон тайшийг түшиж очсон ажээ. Торгууд нар анхандаа хүч нөлөө багатай байсан боловч яваандаа хүн ам нь өсөж, эдийн засгийн чадавхи нь нэмэгдэн Ойрадын гол дөрвөн аймгийн нэг болсон байна.
Торгууд аймгийн тэргүүлэгч Хоо өрлөг XYII зууны эхээр Цорос, Өөлд зэрэг аймгийн толгойлогч нартай эвдрэлцэн харъяат ардаа дагуулан 1630 онд Тарвагатайгаас Ижил мөрний савд нүүдэллэн нутагласан нь одоогийн Халимаг улсын гол цөм нь болж байжээ. Дараа нь 1750-иад онд Тарвагатайгаас мөн олон торгуудууд Орос руу дүрвэн гарчээ.
Торгуудууд нь 1771 онд Увш тайжаар удирдуулан Ижил мөрнөөс 170 мянгуулаа эх нутаг руугаа буцаж нүүдэллэжээ. Оросын цагаан хаан цэргийн хүчээр тэднийг хориглож ихэнхийг нь буцаасан боловч 70-аад мянган торгуудууд Орос, Казахын эсэргүүцэлтэй тулгарсаар Монгол нутагтаа хүрч ирснийг Манжийн хаан хоёр ялган 1630 онд Хоо өрлөгийн дагуулж явсан торгуудуудыг 10 засаг хошуу болгоод одоогийн Хятадын Шинжаан Уйгарт суулган, сүүлд 1750 онд нүүсэн торгуудуудыг Баруун Монголд суулган тусгай хошуу болгон Ховдын амбанд захируулсан нь одоогийн Ховд аймгийн Булган сум юм. Булган суманд буй торгуудууд дотроо Бэйлийн, Вангийн, Шавийнхан, Тайжийнхан Цоохорын гэх таван үндсэн ясаас бүрддэг.
Торгууд эмэгтэйчүүд шүрээр чимэглэсэн тоорцог өмсөнө. Тоорцогны дээд талд 6 эсвэл 8 талт бадам цэцэг, урд талын сарыг саатай утсаар юмуу мөнгөөр тоноглон хийдэг. Торгууд эмэгтэйн ууж хатуу дэргэр мөртэй, ардаа оноотой байдаг. Эр, эм ялгалгүй тоохуу хэмээх эсгий гутал өмсдөг бөгөөд тоохуу нь ноосоор зулж хийсэн оймс юм.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 265
Өөлд

Өөлд бол Ойрадын нэгэн аймаг юм. Ойрадын Цорос аймгаас үүссэн. Зүүнгарын хаант улсын Цорос аймгийн харъяанд байж байгаад 1755-1758 оны бослогын үеэр Манжийн цэргийн дайралтад өртөж, нилээд хор хохирол амсаж байсан. Зүүнгарын хаант улсын Галдан Бошигт хааныг дагаж байсан Ойрадуудын нэгэн хэсэг болох Өөлдүүд одоогийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Архангай аймгийн Өлзийт, Өгий нуур, Хотонт сумдад суудаг. 2010 оны хүн амын тооллогоор 15520 өөлд хүн бүртгэгджээ.
Өөлд гэдэг нэр нь Ойрад гэдэг үг сунжирснаар бий болсон гэж судлаачид үздэг байна. Манж нар өөлдүүдийг 1730 онд Халх гол, Буйр нуурын орчимд нутаглуулж, дараа нь 1761 онд баруун тийш дахин нүүлгэж Орхон голын дунд хавиар, Өгий нуурын ойролцоо суулгаад Халхын Сайн ноён хан аймагт захируулсан байна.
Ховдын Өөлд нь Манжийн ноёрхлын үед Ховдын газар, Богд хаант Монгол улсын үеэс Дөрвөдийн баруун гарын Үнэн зоригт аймгийн харъяа Өөлд Үйзэн гүний хошуу гэж нэрлэгдэж байв. Хошуу нь сум, баг, аравт (арван гэр) гэсэн засат захиргааны нэгжээс бүрдэж байсан бөгөөд хошууг засаг ноёд, угсаа залгамжлан захирдаггүй, харин хошуу дотроос нэр хүнд бүхий тухайн төр ёсны төлөө үнэнч, ард олныг удирдах чадвартай хүнийг сонгон “Бүгдийн дарга” хэмээн нэрлэж байжээ.
Бүгдийн дарга нь хошууны хэмжээнд мөрдөн явуулах бүх ажлыг ерөнхийд нь удирдан зохион байгуулах бөгөөд Ховдын сайдын газарт захирагдаж хошуу тамга хэрэглэж байв. Дээрх хошуунд бүгдийн даргаас гадна мээрэн, залан, занги, хүнд, зарлага, бичээч гэсэн албан тушаалтан хүмүүс байжээ.
Өөлдүүд хувцсандаа саарал өнгийг хэрэглэдэггүй нь манжийн үед байсан боол хүний хувцасны өнгө учраас юм. Өөлд эрэгтэйчүүд хөх өнгийн дээлийг эрхэмлэн өмсөж, 15-20 см өргөн манз гарган эмждэг, оноогүй байдаг. Дээрээ сампинтай, хөх орой, хөх бүчтэй, улаан ширээс бүхий торгоор гадарласан “тумлай” хэмээх малгай өмсдөг. Эмэгтэйчүүд нь хар өнгийн ууж, улаан өнгийн дээлийг өмсдөг нь түүхэн үед амссан гашуун амьдралыг харуулдаг. Уужны хоёр ташаанаас зүүх мөнгөн бэл нь олон хорол дүрстэй. Нөхөрт гарсны дараа туйв зүүх ба дээд хэсгээр чимэглэж доод хэсэгт нь улаан туузыг дарж оёдог нь бусад угсаатнаас ялгарах нэгэн онцлог юм. Өөлд эхнэрийн цэгдэг нь цагаан захтай байдаг.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 212
Баяд

БАЯД
Баяд нь эртний түүхийн тавцан дээр гарч ирсэн, язгуурын монгол аймгийн нэг юм. Хүннү-н хаан Модун-шаньюй Ордос-н тохойд байх "Баян уулаар нутаглах Баян овгийг дагуулав" гэсэн мэдээ бий.VI-VIII зууны үед баядууд Хөлөн, Буйр нуур хавиар нутаглаж байсан аж. XIII зууны үед Чингис хааны мэдэлд явж ирсэн байна. Түүний нэг нь Үнгүр буурч юм. Түүний харъяат баядууд их төлөв Хэнтийн уулнаас урагш нутаглан явжээ. XIV-XVII зууны эхэн үе хүртэл баядууд бие даасан нэг отог болж явсан байна. XVI зууны эхээр Батмөнх даян хаан (1464-1544) хүүхдүүддээ алба таслан хувааж өгөх үед тавдугаар хүү Алчболдод Жарууд, Баарин, Хонгирад, Баяд, Үжээд оногдсон байна. Алчи Болдод оногдсон энэ таван отог нь монголын өмнөд талаар нутаглах учир өврийн таван отог хэмээн нэрлэгдэх болжээ. Алчболд ноёны хүү Хургачи хасар ноён таван хүүтэй. Үүнд Уваш үйзэн нь жарууд, Шубухай дархан бааринг, Суйбин Буйма догшин хонхирад, Сонин дайчин баяд, Хунбаатар үжээдийг тус бүр захирчээ.
2010 оны хүн амын тооллогоор баяд ястан 56573 бүртгэгджээ. Баяд гэдэг нь баян гэдэг үгний олон тооны утгыг заасан хувилбар юм. Монголын эртний өвөг Хүннүгийн дунд Бай-ян овог байсан бөгөөд тэд нар Хатан голоос (Шар мөрөн) умар зүгт идээшин нутаглаж байжээ.
Баян овог YIII зууны үед Тэнгэр уул хавилцаа байжээ. Дарлигин хэмээх нэрийн дор нэгдэж явсан арван найман аймгийн нэг нь баяд байсан ба ХII-XIII зууны үед Сэлэнгэ мөрний сав газар Жидийн гол (Жида) болон хээр нутгаар нутаглаж байсан аймгуудыг Жидийн баяд, Хээрийн баяд гэж нэрлэдэг байжээ. Жидийн баяд нь Сэлэнгэ мөрний сав Гурван хиагт, Бор өндөр тэргүүтэн газраар аж төрдөг ажээ. Жидийн баяд, Хээрийн баяд, Чаншиуд баяд, Баяд хиад, Баяуд курлас (горлос) овогтон байсны сүүлчийн хоёр нь Хамаг Монголын Хадаан баатар Амбагай хааны үед тодорч гараад Хүлэн, Буйр нуурын хавиар хонгирад иргэдтэй хөршлөн нутагласан гэх мэдээ бий. Тэрчлэн Чингис хаан тайчуудтай байлдахад арван хүрээ цэрэгтэй оролцсоны нэг хүрээ нь баяд явсан билээ. Ийнхүү Баяд аймаг Монголын тулгар төр байгуулах үйл хэрэгт идэвхтэй оролцсон ба хожим XYI-XYII зууны үед Өвөр халхын таван отгийн нэг байгаад ХYII зууны хавьд Халх түмний дотор нутаглаж үлдсэн баяд нар баядын арван хошуу болон уг удмаа хадгалан явсаар эдүгээ Увс аймгийн Тэс, Зүүнговь, Хяргас, Малчин, Наранбулаг сумдад аж төрөхөөс гадна Дундговь аймгийн Адаацаг, Дэлгэрцогт, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Хулд, Дорнод аймгийн Халх гол, Цагаан овоо, мөн Өвөрмонголын Баяд хошууд, ОХУ-ын нутагт баяд овогтой гэх хүмүүс нутагладаг. Архивын данс, аман мэдээнээс үзвээс Сэцэн хан аймгийн Сэцэн ханы хошуу баяд болон баяуд, мөн аймгийн Сэцэн жанжингийн хошуунд баюуд, Илдэн вангийн хошуунд баюуд, Зоригт бэйсийн хошуунд баяд гэх зэргээр баяд овогтны нутагшилт тархац тааралдах ажээ.
Монгол нирун аймгийн гол овог хатагин, салжиуд нарыг үндэслэгч Буха хатаги, Бухату салжиуд, Чингис хааны арван нэг дэх үеийн дээд өвөг Бодончар нар баяд эцгийн үр сад юм. Түүнчлэн Мөнх, Хубилай, Өлзийт хаадын бага хатад нь Баяудын гүнж байснаас үзэхэд баяуд нар Боржигин овогтой худ болж явсан аймаг байжээ.
Хуримлах ёсны эхний хэсэг нь бэр гуйх явдал юм. Хүүгийнхээ санаа бодлыг сонсож зөвшилцсөний дараа урьдчилан хэл хүргэсний дагуу товлосон өдөр авга буюу ах нь хүүгээ дагуулан худ ураг болох айлд хадаг, цай, сүү, хөхүүр архитай очно. Ердийн яриа хөөрөө болж, цай унд барьсаны дараа хүүгийн тал зорьж ирсэн учраа айлтгаж ёс, төртэйгээр бэр гуйхдаа
Сарын сайныг Саатан хүлээж
Өдрийн сайныг өнжин хүлээж
Төгс өлзийтэй сарын
Тэнгэр хишигтэй өдөр ирлээ
Буга намнаачин манайд
Булга зүүгээчин танайд
Уурга бугуйлчин манайд
Уялга оёогчин танайд
Энэ хоёрын ерөөл
Эрхэм заяа гэсэн билээ
Хайр хишгээ хүртээж Хариу соёрхож хайрлана уу? гээд эцэст нь хадаг, сүү, ээжид ньторго, цай, сүү барьж, бурхан тахил, гал голомтонд нь идээний дээжээ өргөдөг. Хадгийг авсан бол охиноо өгөхийг зөвшөөрч байгаа гэж ойлгодог уламжлалтай. Дараа нь хүүгийн эцэг, эх, ах дүү нарт бүгдэд нь бэлэг сэлт барьж гар цайлгана.
Бэр буулгахын урд өдөр “хуримын өмнө хоёр торьтой хүн” хэмээх элч бэрийнд очиж, маргааш хэдэн цагт бэрээ авахыг мэдээлэн, тэндээ хонодог. Бэрийг авахад ивгээл жилтэй тохитой томоотой эр хүн, бэргэн , хүү гурав очдог ёстой. Бэрийг ээж бэргэн болон дагалдах 2-оос 3 хүн хүргэж ирнэ. Бэр эхнэр хүний тэрлэг, цэгдэг өмсөж малгайн дотроос нимгэн торыг хамрын үзүүр хүртэл унжуулж, нүүрээ хаасан байдаг.Бэрийг цагаан эсгий дээр хүндэтгэлтэйгээр буулгаж, хадмын гэрт орулан мөргүүлж, галд цуцал нэмүүлнэ. Хадам эцгийнхээс авсан галын хамт бэргэд бэрийг гэрт нь оруулж, гал асаалгана. Дараа нь бэрийг хүргэж ирэгсдийг гэрийн эзэд дайлж зочилдог. Бэргэд тэндээ хонож хүү, бэр хоёрыг өвөрт нь оруулж, маргааш нт шалгаж үздэг заншил эрт дээр үед байжээ. Эх, бэргэн нар буцахдаа охиныхоо хормой дээр чулуу, сүх тавьж, бат бэх гэр бүл болохыг ерөөнө. Гурав хоносны дараа шинэ гэрийн эзэд “Хөшиг тайлах” найр хийж, хоёр талын эцэг эх, ах дүүс нарыг урьж дайлна.
Баядууд гал голомтоо дээдлэх, тахих, мөргөх зан үйлийг эрхэмлэх баримталж, чанд сахидаг дэгтэй. Тэд хүүдээ гэр бүрээд эцгийн голомтоо тасалсан галыг унтраахгүй хонуулахын тулд маш хариуцлагатай хүнийг сонгон гал мануулдаг байжээ. Мөн баядуудад гал мялаах заншил байдаг. Шинэ эд идээний дээжийг, ялангуяа хотын амны сэнж бусад өөхийг өргөн хүндэтгэдэг. Үүнээс гадна гал д хориотой зарим цээрийн ёсыг чанад сахиж галд бохир зүйл оруулбал галын нүд өвдөнө хэмээн үздэг.
Баяд ястны үндэсний соёл нь арвин их бөгөөд баяд дуу, биелгээ, хувцас, эмээл тоноглол, тоглоом, наадгай, түүнчлэн амьдрах ёс заншил, мал сүрэг зэрэг нь өөрийн өвөрмөц онцлогтой үндэсний баялаг ажээ.
Баядын бии биелгээ хөдөлгөөн нь, биелэх дэгийн хувьд өөр өөр байдаг. Жишээ нь: елкэндэг биелгээ нь дөрвөд, баядад аль алинд нь байгаа боловч дөрвөдөд толгой гар зөрдөг бол, баядад толгой нь гараа дагадаг, мөн дөрвөд баядын алинд ч жороо морь биелгээг биелдэг боловч дөрвөдөд ууд дарахдаа ойрхон хоёр ууд дардаг бол баядад нэг л удаа морь уудаа дарахад эзэн хүн даган тонгойж татан авч байгаа мэт үзүүлдэг гэх мэт ялгаанууд байдаг. Тэдгээр биелгээнүүд дотроос маш уран бөгөөд биичдээс их уран чадвар шаарддаг биелгээ нь баядын елкэлдэг юм. Елкэлдэг бииг биелэхэд гол төлөв мөрний дугтралтаар хийгдэж, хоёр хөл дээрээ хагас сууж биелэхдээ их биеэрээ бага зэрэг өөрөө ганхаж, хоёр гар, гарын хоёр, гуравдугаар байрлалыг ээлжилж дамжин хөдөлнө. Үг нь их л сонин.
Хээр хонодог елкэндэг
Хэц дэрлэдэг елкэндэг
Зуур хонодог елкэндэг
Зуузай дэрлэдэг елкэндэг ... гэж дуулна. Энэ нь ихээхэн шүүмжлэлтэй хошин шүлэг ажээ. Халхын нэгэн сайн морь нутаг хошуу дамжин гүйсээр Арван Баяд нутагт очиж тогтжээ. Энэ морины домгоор хийгдсэн биелгээ нь уран сэтгэмж, утга санаа илэрхий, бүжиглэх хэлбэрийн эхлэл, оргил төгсгөлтэй байгаагаа с үзэхэд “Жалам хар”- ын тэр морь мөн гэж судлаачид үздэг билээ. Сайн морь, сайхан эрчүүдээ магтан дуулж, монгол туургатны амьдралын нэгэн чамин гоёмсог зураглалыг илтгэдэг энэ бүжгийн дуунаас иш татвал:
“Усан тэлмэн жороо шиг
Уяхан бүжнэм эрчүүд минь
Уяхан ганган бүжихэд чинь
Ухаан сэргэж, сэтгэл баясна” гэх жишээтэй. Энэ дуу бүжиг нь Баруун монголчуудын олон ястны дунд ихэд түгжээ.
Баяд хувцас нь баяр болон хурим найрын, эрчүүд ба эмэгтэйчүүдийн, хүүхэд багачуудын, ахмад өвгөд ба эмгэдийн гэх мэт хэд хэдэн төрөл байдаг. Баяд эхнэр хүний дээл хувцас нь голдуу хүрэн улаан, хүрэн, улаан хүрэн өнгөтэй бөгөөд дотор ба гадна энгэр нь хоёр хуруу өргөн эмжсэн цагаан захтай, хормой нь хөвөөлсөн эмжээртэй, ханцуй нь маш өргөн, нударгатай, ууж нь дэргэр хатуу мөртэй, ардаа оноогүй байдаг. Баяд эмэгтэйчүүд үсээ туйванд (үсний гэр) хийх бөгөөд туйвны дээд хэсгийг чимэглэж, үзүүрт нь эрвээхэй дүрстэй мөнгөн эдлэлийг зүүж хар цацаг унжуулдаг. Цагаан зах зүүдэг нь бурхан тэнгэрээс өөрийн биеийг нууж ариун байдлыг харуулсан утгыг илэрхийлдэг.
Баяд эрчүүд өвөлд цагаан нэхий голчлон өмсөх ба дээлээ эргэн тойрон хар хилэнгээр эмжиж хоёр ташаанд нь оноо гаргадаг. Онооны толгойн хэсэгт хээ гаргаж өлзий ороон хаддаг онцлогтой. Дээлийн захыг нь гадагш эргүүлэн (хэвтүүлсэн байдалтай) хос эмжиж, эргүүлсэн хэсэгтээ хар хурганы арьс хадаж гоёдог. Дээл хийх нэхийгээ аргалын утаагаар утаж ариутгаад, хийсний дараа улаан, ногоон, хар хоргойгоор эмжиж зарим үед захыг нь хурганы арьсаар тойруулан гоёдог байсан ажээ.
1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 1411
Мянгад
2014 оны 05-р сарын 19 Нийтэлсэн Ундармаа
МЯНГАД
2010 оны хүн амын тооллогоор 6592 иргэд өөрсдийгөө мянгад ястан хэмээн бүртгүүлжээ. Мянгадууд нь Монгол угсааны бөгөөд тэдний овгийн бүрэлдэхүүнд түрэг овог тааралддаг. XYI зуунаас эхлэн мянгад гэдэг нэр тэмдэглэгдсэн бөгөөд тэдний дунд мянгад, басигид, хиргис гэсэн гурван үндсэн яс зонхилно. Эдүгээ мянгадууд Ховд аймгийн Мянгад сумын нутагт Ховд голын адаг, Алтан Хөхий уул орчмоор нутаглаж, цөөн хэсэг нь Эрдэнэбүрэн суманд Өөлд, Дөргөн суманд Дөрвөдтэй хамт суурьшдаг. Мянгадын өвөг дээдэс нь Тагнын нуруу, Соёны уулсын ой тайгаар нутаглан цаа буга тэжээж, ан гөрөө хийж амьдардаг байсан ойн Урианхай иргэдийн тасархай ажээ. Тэд Монгол, Түрэг угсааны олон аймагт харъяалагдаж явсан тул бүрэлдэхүүнд нь уг удмын олон яс овгууд холилджээ. Мянгад нь Дөрвөн Ойрадын үед 8 мянган хойд, 2 их мянганаас бүрэлдсэн нэг түмэн болж байв.
Ховдын Мянгад нь XYII зууны эхээр Ойрадын холбооноос салж Увс, Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрний эхээр нутаглах болсон Хотогойд болон Зүүнгарын хаант улсад багтаж яваад салсан Хойд мянгад овогтноос гаралтай ажээ. Тэдгээр хойдууд нь XYI зууны үед Халхын захиргаанд орж халхажсан Хойдын залгамж болжээ. Мянгад хошуу нь Манжийн үеийн Гадаад Монголын засаг захиргааны нэгэн үндсэн нэгж байсан бөгөөд Ховдын амбанаас томилдог Үкэр да (Бүгдийн дарга) буюу мянгадуудын монголчилсноор хошууны “Да” захирагч захирч байжээ.
Чингүнжаваар удирдуулсан хотогойдууд Манжийг эсэргүүцсэн 1755-1757 оны зэвсэгт тэмцэлд идэвхтэй оролцсон учир Манжийн хаан Чингүнжавыг цаазалж түүний албат, ард иргэдийг тархаан суурьшуулжээ. Хожим мянгадууд 1764 онд Засагт хан аймгийн Далай засгийн хошууны гүн Доржцэрэнтэй заргалдан “харьяат биднийг хяхан гадуурхаж байна” хэмээсэнд Улиастайн жанжин тэднийг Ховд голын хөвөөнд суулгаж хошуу байгуулсан ажээ. Тэрхүү үйл явдлаа мянгадууд хошуу ноёд угсаа залгамжилж ард олныг дарлан мөлждөг ёсны эсрэг явуулсан тэмцлийн ялалт хэмээн бахархдаг.
Мянгад гэдэг нэрийн гарлын тухай олон янзын домог байдаг ажээ. Үүнд: Мянган хүн хотогойдын голын эхээс нүүж гарсан, Сартай залан яг мянган цэрэг удирдаж явсан гэх зэргээр ярьдаг. Түүнээс гадна Ховдод нүүж очоод нутаг заалган суугаад нэг хошуу болно гэхэд мянган эр тоолуулах ёстой болжээ. Тэгтэл эрчүүд нь мянга хүрээгүй тул сэвгэрүүдээсээ эр хүний хувцас хунар өмсгөн тоолуулж байж хошуу болгосон хэмээн хэлэлцэх нь бий. Өөр нэгэн домогт, Эрт цагт тал нутгийн ард түмэн уудам газар нутгаа харийн дайснаас хамгаалах зорилгоор цэрэг эрсээ аравт, зуут, мянгат болгон зохион байгуулжээ. Гэтэл баруун хязгаарын нэгэн овогт яаж ч тоолоод цэрэг эрс нь мянга хүрэхгүй нэг дутаад байжээ. Тэр овогт ухаан билэг, уран үйлээрээ алдартай нэгэн бүсгүй байжээ. Тэрээр овгийн ахлагчийнд ирж цэрэгт явах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн боловч овгийн ахлагч зөвшөөрсөнгүй гэнэ. Ингээд цэргээ бүрдүүлж чадалгүй дутуу хэвээр нь дайнд мордуулсан боловч чин зоригт бүсгүй овгийн ахлагчийн хутгыг хулгайлан нууцаар мянган цэргийн тоонд орж нутаг усаа хамгаалан тэмцжээ. Ийм учраас овгийг “мянгад” гэж нэрлэсэн бөгөөд тэр бүсгүйн хатан зоригийг үеийн үед дурсаж явах үүднээс мянгад бүсгүйчүүд бүсэндээ хэт хутга зүүдэг заншилтай болсон гэх ажээ.
Мянгад ястан нь эрт үеэс угшил сайт, бие галбир цэмцгэр хурдан хурц морьдоороо гайхагдан байсан төдийгүй “Мянгад”-ын гэх тодотголтой олон хурдан ажнай төрөн гарсан нь алс баруун хязгаар төдийгүй Монгол даяараа нэрд гарчээ.Түүний дотроос нийт Монгол улс даяараа алдаршсан домог мэт хурдан хүлгүүдээс дурьдвал 1930-аад оны дунд үеэр Мянгадын талын хурдан морь “Шовгор цэнхэр” түүний дараа үеийн “Цагаан тавагт”, алдарт “Мянгадын саарал” зэргийг дурдаж болно.
Мянгад хувцасны дээл оноогүй бөгөөд өргөн хар эмжээртэй, давхар хошмог дарж оёсон байдаг. Баруун бүсийн эмэгтэйчүүд шиг цагаан зах зүүдэггүй бөгөөд содон зүйл нь дээлийн зах нь улаан өнгөтэй байдаг. Өвөл зунгүй хар хилэн малгай өмсөх боловч зундаа цагаан алчуур толгойдоо зангиддаг заншилтай. Мянгад эхнэр үсээ халхууд шиг хоёр хуваан дэргэр болгодог бөгөөд туйван дээрээ эрвээхэйг шүрээр дүрслэн хийдэг. Мянгад эмэгтэйчүүд хээ угалз бүхий уран нарийн хийцтэй хутгыг 5 өнгийн алчуурын хамт бэлнээс зүүдэг.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 874
Казах

КАЗАХ
Казах үндэстэн нь Төв Ази, Дунд Азид төвлөн оршиж буй улс орон бөгөөд хүн ам, хэл соёлоор бусдаас ялгарах 15 саяаар тоологдох ард түмний ерөнхий нэр юм. Үүнээс Монгол улсад 2010 оны хүн амын тооллогоор 101526 иргэд өөрсдийгөө казах хэмээн бүртгүүлжээ. Казах угсаатан нь казах хэлээрээ хэлэлцдэг бөгөөд Казах хэлтэн өдгөө Хар тэнгисээс Алтай хүртэл нутагт тархжээ.
НТ I зуунаас одоогийн Дундад Ази, Казахстаны нутагт хүчирхэг байсан Сакы аймгаас гаралтай гэх ба түүний хойч үр удам нь түрэгүүд юм.YIII зуунд Түрэгийг мөхсөний дараа X зуун хүртэл Карлугийн улс, XI-XII зуунд Кимак, Кипчак, Карахандын улсын бүрэлдэхүүнд багтаж байгаад XIII зуунаас Монголын эзэнт гүрний Алтан Ордны хаант улсад харъяалагдан зуутын зохион байгуулалттай болж их, дунд, бага зуут хэмээн хуваагджээ.
Чингис хааны хоёрдугаар хөвгүүн Цагаадайн байгуулсан улс нь Төмөрийн хаант улс, Казах ханлиг, Үзбек ханлиг, Киргиз ханлиг болон задрахад Барлас, Найманы казахууд нэгдэн шинэ улс байгуулах оролдлого хийж Казахын хаант улсыг байгуулжээ.
XYII зууны эхээр Зүүнгарын хаант улсын довтолгоонд өртөн, хойд талаасаа Бухар, Хивийн хаант улсын довтолгоонд шахагдсанаар Казахын хаант улсын хүч буурч хуваагдан нэг нь Оросыг түшин дагаар орж, нөгөө хэсэг нь одоогийн Шинжаан Уйгар руу нүүдэллэн Манжийн харъяанд оржээ. Ийнхүү XYIII зууны хоёрдугаар хагасаас Абул Мамбет хааны харъяат казахууд Дорнод Туркестанд нутаглан Хар Эрчис, Алтай хавиар нутаглаж байгаад 1864 онд Алтайг даван ирсэн нь одоогийн Баян-Өлгий аймаг дахь казахууд болно.
1917 онд Богд хаант Монгол улсын үед казахуудыг Монгол улсын харъяат болгоход Керейд, Найман овгийн 21000 хасаг иргэд бүртгэгджээ. Казахт 12 овог байх бөгөөд Жантекейн, Шерүүч, Молхо, Керейд нь зонхилох байр суурьтай байдаг байна. Алтайн казахууд нь Керейд овгийн хүмүүс бөгөөд тэд Уах, Абах, Ашамайл хэмээх гурван янзын керейд ажээ. Эдгээрээс Монголд шилжин нутагласан нь Абах керейд, Найман казах ажээ. Абах нь дотроо 12 яс овгоос бүрдэх бөгөөд зарим нь Монголд байхгүй. Харин Найман казах нь Улаанхус суманд цөөн үлдэж, Ховд аймгийн Булган суманд Ители овог зонхилдог. Маршал Х.Чойбалсан Монгол улсын ерөнхий сайд байхдаа баруун хязгаар руу явж Оспантай уулзаж олон үндэстэн ястанг амар амгалан байлгах тухай хэлэлцээр хийсэн байдаг. Түүнд буу сум, мөнгө өгч Шинжаан Уйгарт явуулж буй бослогыг дэмжсэн тэр үеэс Алтайн хязгаарын казах иргэд бөөн бөөнөөрөө Монгол руу дүрвэн иржээ. 1938 оны 6 дугаар сарын 9-нд Бага хурал хуралдаж үндэсний цөөнхийн асуудлаар шийдвэр гаргаж, 1940 онд Баян-Өлгий аймаг байгуулагджээ. Тэр үеэс эхлэн төр, засаг Казахын ард түмнийг онцгойлон анхаарч, газар нутаг олгож тусгай аймаг байгуулж аж ахуй, соёлын томоохон нэгж болгон хөгжүүлсэн юм. Түүний хамт тэдний ёс заншил, зан үйл, өв уламжлалыг хүндэлж яс үндсээ цэврээр хадгалах бололцоог олгосон. Иймээс Монголын казахууд нэр төр, яс үндэс, зан үйлээ сэвгүй цэврээр хадгалж яваа үндэстэн юм..
Казахууд исламын шашинтай бөгөөд өөр шашинтай хүнтэй гэрлэхийг цээрлэдэг. Аксакалын сургамж бол Аллах тэнгэрийн зарлиг мэт байдаг. Аксакала гэдэг нь “цагаан сахал, буянтай буурал” гэсэн үг бөгөөд хэрэг төвөгт өртөж болзошгүй, хүмүүжил сахилга бат сулхан хүүхдээ Аксакалатай уулзуулж сургамжийн үг сонсгон зөв замд оруулдаг уламжлалтай. Исламын шашинтнуудын нэгэн том үйл явдал бол “Кадыр шөнө”-ийн залбирал юм. Кадыр шөнө болоход Аллах тэнгэр хүн төрөлхтөнд хайр хишгээ харамгүй хайрладаг хэмээн итгэдэг тул эл шөнө нүдээ огтхон ч аньдаггүй ажээ. Шөнийн турш гэр бүл, найз нөхөдтэйгөө бурхандаа залбирч бие сэтгэлээ ариусгах нь мянган сар үйлдсэн залбирлаас илүү гэж үздэг. Тэд шашны сүм, сургууль дээр цугларч үүр цайж нар мандахыг хүлээн Кадыр шөнийг нойргүй угтаж Аллахын хишгийг хүртэхийг хичээдэг байна.
Казах ёс заншилын хувьд Бэлэвсэрсэн эцэг эх чухам хэнийх нь гэрт байхаа өөрсдөө сонгоно. Амьдрах арга ухаан мөхөс, бэл бэнчин дутмаг, амьдрал дорой хүүхдийнхээ гэрт голдуу амьдардаг. Бусад өөдрөг яваа хүүхдүүд нь “аав ээжийн хувь” болгон идэж уух, өмсөж зүүхээс өгсүүлээд бүх л зүйлийг үргэлж өгч насан эцэс болтол нь ивээн тэтгэнэ. Иймээс хүүхдүүд аав ээжээ гэртээ байлгах дуртай бөгөөд тэр айл юмаар тасрахгүй элбэг дэлбэг амьдардаг байна. Казах ямар ч айлын хүмүүс (хоноц ч адилхан) хоол идэхийн өмнө ба дараа нь гараа заавал угаадаг заншилтай. Айл бүхэн услаг буюу сувлак, тослог буюу маялак гэсэн усны ба тосны хоёр алчууртай байна. Харин ахмад хүмүүс болон зочны гарт усыг тэр гэрт байгаа хамгийн бага настай нь хийж үйлчилнэ. Казах айлд зочилбол тэд эхлээд аяганд цай хийж барина. Цайг нь уугаад баярласнаа илэрхийлэхийн тулд аяганыхаа амсарыг 5 хуруугаараа таглан тавиарай. Хэрвээ ингэхгүй бол аяганд тань хэдэн ч удаа цай хийж мэднэ. Казах айлд зочлох хэрэг гарвал нар жаргахаас өмнө очвол, тэр айл зочныг үнэн сэтгэлээсээ ирье гэж манайхыг зорьж ирсэн сайхан сэтгэлтэй зочин гэж үзээд дээд зэргээр хүндэлнэ. Хэрэв нар шингэсний дараа очвол кангарган конак (төөрсөн хоноц) гээд арай өөрөөр угтдаг.
Казах түмэн үр хүүхдээ багаас нь эхлэн өвгөд дээдэс, ахан дүүсээ хүндлэх эрхэм дээд ёс заншил эзэмшүүлэх, охидыг урлан бүтээх ажил үйлсэд сургахад хамаг анхаарлаа төвлөрүүлнэ. Тиймээс ч охид нөхөрт гарах хүртлээ гэртээ орны аравч, дэрний уут, элдэв төрлийн гоёлын өмсгөл зэрэг гэр ахуйн хээнцэр ганган чимэг зүүлт мэтийг оёж мэтгэж, бүтээсэн байх ёстой. Охид ийнхүү үйлэнд сурч байж нөхөрт гарах болзлыг сая хангадаг сайхан уламжлалтай .
Казахын эрчүүд бүргэдээ аваад ан гөрөөнд явахад нь хэн нэгэн хүн хамт явъя гэвэл түүнийг заавал дагуулан явдаг. Намнасан үнэг, чоно мэт ангаа тэнцүү хувааж авах бөгөөд тэнцүү биш ганц үнэг бариулсан бол өөрөө авахгүй заавал дагаж явсан хүнийхээ ганзагыг мялаана. Тэд ан хийлгэх бүргэдээ ихэвчлэн эм бүргэдийг сонгож ангаахай байхад нь үүрнээс нь хулгайлдаг байна. Учир нь эм нь эрээсээ биеэр том, хүч чадал сайтай байдаг гэнэ. Казахууд тэжээж байгаа бүргэдээ анд сургахдаа амьтны арьсаар бүрсэн чихмэл ангаа урт олсоор чирэн мориор давхиж түүнийгээ бүргэдээрээ хөөлгөнө. Гаршуулсан бүргэд юунаас ч айдаггүй байна.
Казахууд малгайдаа шар шувууны өдийг аз жаргалын бэлгэдэл болгон хатгадаг. Эрчүүд нь тэнгэрт толгойгоо харуулдаггүй учраас цагаан алчуур толгойдоо зангидах ба келеш хэмээх хар тоорцог өмсдөг. Казах эхнэрүүд харин шулауш хэмээх цагаан нөмрөгийг толгойдоо угладаг. Казахууд шашинтайгаа холбоотойгоор голдуу хар өнгийг эрхэмлэж ирсэн бөгөөд эртнээс нааш өвөг дээдсийнхээ уламжлалыг хадгалж авч үлджээ.
Казах гар урлал казахуудын дунд уламжлалт гар урлалын бараг бүх төрөл амжилттай хөгжжээ. Тухайлбал, алт, мөнгөний дарханчууд морины тахаас эхлээд гоёл чимэглэлийн зүйл, эмээл, хазаар, хутга, хайч зэрэг өдөр тутмын хэрэглээний зүйл, хөдөлмөрийн багаж, хэрэгсэл, гоёлын зүйл, морины тоног зэргийг урлан бүтээж байна. Казах эмэгтэйчүүд өнгө өнгийн ноосон утсаар гэрийн оосор, бүч, орны нүүрэвч, элдэв уут, савыг сүлжин хийдэг бөгөөд үүнийг "терме" гэдэг. Үүгээр гэр орныг гоёж чимэглэхэд өргөн ашиглана. Эдүгээ "терме" хий уламжлал Баян-Өлгийн казахуудын дунд нэлээд уламжлагдан, жижиг үйлдвэр, гар урлалын түвшинд хөгжиж байна. Казах ширдэгийн гол онцлог нь цулгуй өнгөтэй биш, янз бүрийн өнгөөр алаглуулан хээ, угалз зүйж хийдэг. Хар, цагаан эсгийг давхарлан тавьж түүн дээр янз бүрийн угалз зураад, түүний дагуу эсгэж хайчилж зүснэ. Дараа нь хоёр эсгийг салгаад цагааныг хар, харыг цагаан дээр нь тааруулж, түр эвлүүлээд, оёно.
Казах үндэсний хоол Казах түмэн идэшнийхээ малын махыг давсалж, утаж, хатаагаад удаан хугацаагаар хадгалж мал таргалж намар болтол иднэ. Харин адууны хавирга мэт тослог махыг нарийн гэдсэнд давсалж чихээд мөн утаж хатаана. Үүнийгээ каз гэнэ.
Наурызын баяр Бvргэд, домбор, Наурызын баяр бол казах тvмний салшгүй чухал зүйл билээ.Наурыз нь утгачилбал “Наурас” гэдэг перс үг. Хүмүүс шинэ өдөр, хаврын баяр, нарны баяр гэж утгачлан ярьдаг. Наурызын баяраа тэд гуравдугаар сарын 22-нд буюу єдєр шєнє тэнцэх єдєр тэмдэглэдэг уламжлалтай. Наурызын баярыг тэмдэглээд мянга гаруй жил болжээ. Ислам шашинтай нүүдэлчин орныхон голдуу тэмдэглэдэг. Онцлог нь мал төллөх болон тариа ногоогоо тарихын өмнөхөн хумүүс бөөнөөр байх шинэ зүйл эхлэхийн урд, мах идэж байгаад малын гаралтай цагаан идээнд орох үе таардаг.Энэ нь Монголын цагаан сартай адилхан аж.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 552
Захчин

ЗАХЧИН
Захчингуудын уг сурвалж нь Зүүнгарын хаант улсын хил хязгаарыг сахиж агсан отог билээ. Тэднийг голчлон Ойрадын овог аймгуудаас, тэр байтугай халх хошуудаас ч хамруулан байгуулсан байж болох үндэстэй. 2010 оны хүн амын тооллогоор 32845хүн өөрсдийгөө захчин хэмээн бүртгүүлжээ. Ховд аймгийн Алтай, Манхан, Зэрэг, Үенч сумуудад зонхилон суудаг. Захчингууд нь XYII зууны эхний хагаст Зүүнгарын хаант улсын хил дагуу Тэнгэр уулын ар, Эрээн хавирга, Их жултас, Бага жултас, Чингэл гол, Цагаан тохой зэрэг газраар цувран сууж улсынхаа зүүн өмнө, зүүн зүгийн хилийг хамгаалж байжээ. Ойрадыг манжаас хамгаалахын тулд Торгууд, Дөрвөд, Өөлдөөс сайн эрсийг шилж гэр бүлээр нь зах нутагт шилжүүлэн суулгаснаас үүдэн Захчин ястан бий болсон бөгөөд 30 гаруй яс овгоос бүрэлдсэн байна.
Ойрадууд манжид эзлэгдсэний дараа Халхын Засагт хан аймгийн гүн Цэдэнжавын харьяанд хэсэг захирагдаж байсныг 1756 онд нэгэн хошуу, 4 сум болгон зохион байгуулж зайсан язгууртай Мамудыг хошуу захирагч болгожээ. Дараа нь манж нар зайсан Мамудыг барьж, 2000 орчим хүн ардын нэлээдийг устгаж, үлдсэнийг нь тараагаад Улиастайн манж амбаны мэдэлд захируулан Ховдын баруун урдуур суулгажээ.
1778 онд Мамуд зайсангийн албат 30 гаруй өрхийг таслан сум байгуулан Жамцангийн хүү Мэндэшид захируулан эцгийнх нь гүнгийн зэргийг залгамжлуулжээ. Тэр үеэс Захчин гүнгийн хошуу гэж нэрлэгдэх болсон байна. Богд хаант Монгол улсын үед Захчин хошууд нь дөрвөдийн Үнэн зоригт хан аймагт харъяалагдаж, умард хэсгийг нь шилийнхэн, өмнөд хэсгийг нь говийнхон гэлцэх болжээ. Захчингууд онцгой содон гэхийг “тонжоо” гэж ярьдаг бөгөөд нэлээд наргианч, шооч ард түмэн ажээ.
Бий биелэгээг захчингуудын хурууны бүжгийн хөдөлгөөнөөс үүсэлтэй гэх бөгөөд улмаар арван хурууны хөдөлгөөн, бугуй, тохой, мөр, нурууны биелгээ болж өргөжин монголчуудын амьдрал ахуй, ёс заншлын илэрхийлэл болж хөгжсөөр үндэсний уламжлалт бүжгийн төрөл болжээ.
Захчин малгай: Захчин эрэгтэй, эмэгтэйчүүд халбан, мандаа, туг оройтой, халиутай, тунлай мэтийн олон төрлийн малгай өмсөнө. Эдгээрээс түгээмэл өмсдөг нь “Халбан” малгай юм. Халбан малгай нь хавчиг хэлбэртэй, улаан өнгөтэй, 32 ширээс, хөх өнгийн мандаа бүхий оройтой, жижиг сүмбэтэй, хоёр тал хацрыг нь булга, халиу, минж, хар хилэнгээр үсэлж ирмэгээр нь халиуны үс хаддаг байжээ. Тийм ч учраас захчин ардын дуунд:
Халиуны чинь өөдөс
Халбан болох нь хайрам
Харь хошууны ноёнд
Албат болох нь хайрам хэмээн дуулдаг.
Захчин эмэгтэйчүүд өвөл, зунгүй халиутай малхай буюу мандаа оройтой малгайг өмсдөг. Мандаа орой гэдэг нь хавтгай, дугуй гэсэн утга илтгэнэ. Энэ нь хавтгай дугуй хөх оройтой, 64 цацраг ширээстэй, орой хэсэгтээ дугуй улаан тавтай, түүн дээр мөнгөн тав, түүний дээр шүрэн буюу улаан өнгийн бөсөөр хийсэн сүмбэтэй. Мөнгөн таваас хойш залаан мөнгөн даруулга, түүний дороос улаан мяндсан залаа, хос улаан давхар бүчтэй. Хэвсэгийг нь хар булгаар бүрж, халиугаар эмжиж, чихний тус газар халиугаар “чих” хэмээх бөөрөнхий үс хаддаг байна. Захчинууд малгайн хавтгай оройг дэлхий ертөнц, голын улаан тавыг улс гүрэн, мөнгөн тавыг гүрний төв, сампинг хаан эзэн, халиу хүрээг хил хязгаар, ард түмэн, ширээсийг хааны зарлиг түгээн тархах хүрээ хэмээн гүн ухааны өнгө аясаар бэлгэддэг.
Захчин эрэгтэй, эмэгтэйчүүд “Тунлай” гэх дуулга хэлбэрийн оройтой, хөх өнгөтэй, улаан сүмбэтэй, хос улаан залаатай, хэвсэгийг нь хар хурганы арьсаар үсэлсэн, ширмэл хөх өнгийн шилэвчтэй, малгай өмсөнө. Энэ малгайн хэлбэр нь дуулгатай төстэй. 20-40 насны эрэгтэйчүүд өмсдөг байсан гэж настайчууд хуучлах төдийгүй анх зах харуулыг нь сахисан цэрэг эрсийн малгай байснаа хожим нь нийтийн өмсөх малгай болсон гэж хуучилдаг.Тэгээд ч тэднийг хил залгаа нутаглагч ястнууд:
Тулман ханцуйтай захчин
Тунлай малхаатай захчин
Тараг нь бүрэлддэггүй захчин
Тар нь нийлдэггүй захчин хэмээн егөөддөг байжээ.
Захчин хувцас эхнэрүүд нь өвлийн цагт нэхий дээл өмсөнө. Уг дээлээ “үч” гэх бөгөөд зах, энгэр, байр, хормойг нь эргэн тойрон 3-4 хууруу өргөн хар хилэнгээр хөвөөлж, галуун таваг, хатгаламж энгэр хормойгоор нь хурганы арьсаар бөөлжүүлэн (хурганы арьсаар эмжих) хурьсаж, бэлхүүсээр нь өнгө алаглуулан 3 эгнээ хөзөрлөн(шатрын буудал хэлбэртэй хатгамал) хатгамалсан, ногоон өнгийн бөсөөр хийсэн эргэдэг хошуу захтай, гарын ганууг дагасан ногоон даавуугаар өнгөлсөн буумал нудрамтай. Задгай догол зөв энгэртэй, энгэртээ 7 товч шилбэтэй, ханцуйны угаараа бүсэлхий хүртэл өргөн, үзүүр хэсэгтээ нарийн, ханцуйны бугалганы хэсэгт 6 эгнээ цацагтай хөзөр хатгамалтай, мөр, далаа бүрхсэн араа хатгамалсан хөвөөтэй, цагаан захтай.
Эхнэр дээлийн догол энгэрийг “зэв энгэр” гэдэг. Зэв энгэрийг доголтой илүү хийдгийн учир нь: Эрт дээр үед манжийн цэрэг жирэмсэн эхнэрүүдийн баруун бөөрнөөс харван хэвлий дэх ургийг хөнөөж уг үндсийг таслахаар зэхэж байгааг дуулсан эхчүүд хэвлийн харалдаа хувцасны дотор талд нойтон бургасан сүлжмэл болон хавтгай төмөр барьж оёсноос үүдэлтэй хэмээн домоглодог. Эхнэр дээлийн зөв энгэр нь олны дунд биеэ ил гаргадаггүй бэрлэх зан үйлтэй нэг талаар холбогдох боловч хүүхэд хөүүлэх үед хөхөө ил гаргахгүй гэсэн ичимтгий зангаас үүдэлтэй юм. Эхнэрүүд авгай тэрлэг гэх хөх, хар хөх өнгийн бөсөөр хийсэн тэрлэгийг дулааны улиралд өмсөнө. Энэ нь нэхий дээлтэй адил ханцуй уужим, хормой өргөн байхаас гадна хөвөө нь улаан хоргой, хөвөөний хажуугаар өнгийн туузан хошоогоор чимэглэсэн байдаг. Цэгдэг нь эхнэр хүний ёслол хүндэтгэлийн бэрлэх хувцас бөгөөд өнгө нь лавшигний өнгөтэй адилавтар.
Залуу эхнэрүүд шүрэн бөөртэй том мөнгөн сийх(ээмэг), сэвгэрүүд нь жижиг мөнгөн сийх, настайчууд нь дэгээ сийх тус тус зүүнэ. Баяр ёслолын үед 3-7 салаа унжуургатай урт сийх зүүдэг. Цацагтай сийх нь хорол, хаан, хатан сүйх цэцгэн хээтэй сүлжмэл мөнгөн оосортой, үзүүртээ навч, хонхон цэцгэн чимэглэлтэй.
Эрэгтэйчүүд нь үнэт чулуун хөхүүр(хөөрөг), гоёмсог хатгамал бүхий даалин, тамхины түнгэрцэг, хаш соруултай ганз(гаанс), дөрвөн хүчтэний дүрстэй цул мөнгөн цутгамал хэт, бэл, хос хутгаар гоёж, зүүн ташааныхаа урд хэсэгт гоёмсог хатгамалтай аяганы заг(аяганы гэр) зүүнэ.
2 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 1069
Барга

БАРГА
Барга аймаг нь Монгол удмын аймгуудын нэг юм. XIII зуунаас урьд Байгаль далайн тэндэх Баргужин төхөм гэдэг газар 11-12 зуунд нутаглаж байсан баргуд хэмээх хүчирхэг аймаг байжээ. Эртний сурвалжит монгол аймаг Барга нарын голомт нутаг нь Байгаль нуураас Хянганы нуруу хүртэл үргэлжилж байжээ. Баргачууд нь Чингис хааны аян дайны үед цэргийн ар талын эд барааг хариуцан харуулын цэргийн албыг хашдаг байсан байна.
Монголын нууц товчоонд тэмдэглэснээр Баргажин аймгийг Баргудай мэргэн захирч байсан бөгөөд түүний охин Баргужин гуагаас төрсөн Чингис хааны дээд удамын Алунгуа эх болно. Барга буюу Баргуд нь XIII зууны үед ойн иргэд, хорь түмэдийн хамт Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд орж Урианхай мянганы нэгэн болж явжээ.
XIII зууны эхээр Монгол угсааны олон аймаг нэгдэх үед Байгаль орчмоор нутаглаж байсан нүүдэлчин аймгууд 1207 онд Их Монгол Улсын харъяанд, дараа нь Чингис хааны отгон хөвгүүн Тулуйн угсааныхны мэдэлд орж, 1368 онд Юан улс мөхсөний дараа шинээр үүссэн Дөрвөн Ойрадын холбоонд Барга аймаг орж байжээ. XY зууны үед Ойрадууд баруун зүг нүүдэллэхэд Барга, Буриад аймгууд Батмөнх Даян хааны харьяат зургаан түмэн монголын Зүүн гурван түмний нэг Урианхай түмний бүрэлдэхүүнд багтаж, Сэлэнгэ, Байгал, Онон, Хөлөнбуйр, Хянганы нурууны хооронд нутаглаж байжээ. XYI зууны үед Урианхай түмэн хуваагдсанаар Барга, Буриад нь Халх түмний харьяалалд орж, улмаар Халхын Түшээт хан, Засагт ханы захиргаанд хамаарагдах болжээ. XYIII зууны эхээр зохиогдсон “Алтан хааны тууж” хэмээх зохиолд Алтан (1507-1522) хааны үед Юншөөбү, Түмэдийн дотор барга иргэн багтаж байсан тухай тодорхой тэмдэглэжээ.
Баргачууд түүхийн тодорхой хугацаанд Сэцэн хан аймгийн нутагт оршин сууж бэйс Жанчивдоржийн хошуунд харъяалагдаж байхдаа Галдан бошигтын эсрэг дайнд оролцож, улмаар Манжийн хаанд захиргаанд орохдоо Хөлөнбуйрын нутагт суурьшин нутаглах зарлиг хүлээжээ. Ийнхүү 1734 онд Хөлөнбуйрт нүүдэллэн очиж манж найман хошууны зохион байгуулалтанд орсон байна. Манж найман хошууны зохион байгуулалт гэдэг бол засаг захиргааны нэгж хошуу бөгөөд “цэрэгт барьдаг” тугийн өнгөөр нэрлэгдэнэ. Барга найман хошуу нь хөвөөт цагаан, хөвөөт хөх, хөвөөт улаан, гүл хөх, гүл цагаан, гүл шар, гүл улаан гэх нэртэй болсон байна.
Богд хаант Монгол улс байгуулагдахад 1912 онд Баргад Манж-Хятадын эсрэг бодлого гарч өөрсдийгөө Богд хаант Монгол улсын харъяат хэмээн зарласан байна. Гэвч 1915 оны Хиагтын гурван улсын гэрээгээр баргуудыг хятадын бүрэлдэхүүнд хэвээр үлдээжээ. Энэ үеэр барга, буриадууд дорнод хилээр Монгол нутаг руу уван цуван нүүдэллэж эхэлсэн билээ. 1945 онд нүүж ирсэн баргууд Дорнод аймгийн Хөлөнбуйрт суурьшсан ба хүний тоо 1000 орчим, малын тоо 89 мянга орчим байжээ. Баргачууд эдүгээ Дорнод аймгийн Гурванзагал, Хөлөнбуйр, Төв аймгийн Сэргэлэн, Баян, Баянцагаан, Завхан аймгийн Их-Уул, Ургамал, Сантмаргац, Сүхбаатар аймгийн Уулбаян, Баянтэрэм зэрэг сумдад аж төрж байна. 2010 оны хүн амын тооллогоор 2989 барга ястан бүртгэгдсэн.
Баргачуудын хэл аялгуу нь буриадтай нэлээд төстэй юм. Овгийн дэг журмыг нарийн баримтлан сахиж, ахмадыг хүндэтгэн, овог дотроо гэр бүл болохыг хориглож, ах дүүсээр хотлох, нагац талаа дээдлэх зэрэг нь ураг барилдах, цагаан сарыг тэмдэглэх, нүүдлийн зан үйлд тод тусгагдан үлджээ.
Барга хувцас - Барга эрчүүдийн дээл нь өргөн захтай, энгэр нь дугуйвтар бөгөөд тавиу өргөн, нударга бүхий урт ханцуйтай, хормой нь дугуйвтар өргөн, зах энгэр нь дан эмжээртэй байх нь нийтлэг. Дээлэн дээр суран ба даавуун бүс бүсэлдэг. Суран бүсийг адуу, үхрийн ширээр хийж, гадна талыг төмөрлөг эдлэлээр товруу гаргаж гоёдог уламжлалтай. Бүсний өнгө хул шар, улбар шардуу байх нь элбэг. Даавуун бүсийг эр хүн шөнө унтахдаа аман хүзүү (халх) зангиагаар зангидаж дэрнийхээ доод талд тавьдаг заншил нь салсныг эвлүүлэх, алив задгайг бэхлэн батжуулах бэлгэдлийн утгыг агуулдаг.
Нөхөрт гарсан барга эмэгтэй хүн түнтгэр ханцуйтай эхнэр дээл өмсөнө. Ханцуйнд хуниастай хоргойгоор нударга хийж гоёдог. Эхнэр дээл уужтай, ууж нь таван мөнгөн товчтой, уужны хажуу талд богос оёж хоргой туузаар чимэглэнэ. Уужны энгэр талыг өргөн хоргойгоор эмжиж, хоёр ташаанд нь оноо гаргадаггүй байна.
Барга гутал нь буриад гуталтай төстэй, хамар нь шантгаргүй, гутлын зулагт тахир угалз, зуузай ба шагайд пүүз тавьж гоёх ба ирмэг улыг эсгий, даавуугаар ширж хөмөөр уллана. Бойтог гутлыг хонь, ямааны арьсаар зулаглаж оёно.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 622
Дөрвөд

ДӨРВӨД
Дөрвөд нь Монгол үндэст ястан, язгуурын Ойрд аялгуут Монгол хэлтэн ард түмэн юм. Дөрвөд нь 1400-1755 оны хооронд тогтносон Дөрвөн Ойрдын дөрвөн гол аймгийн нэг нь байв. 2010 оны хүн амын тооллогоор 72403 хүн өөрсдийгөө Дөрвөд ястан хэмээн бүртгүүлжээ. Увс аймгийн Бөхмөрөн, Давст, Сагил, Өлгий, Өмнөговь, Ховд сум, Ховд аймгийн Дөргөн суманд дөрвөд ард түмэн суудаг. Мөн Увс аймгийн Наранбулаг, Завхан, Тариалан, Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд баяд, сартуул, хотон, хасаг нартай хамт аж төрөхөөс гадна социализмын үед хэрэгжүүлсэн атар газар эзэмших, аж үйлдвэр, сургууль соёлын нөлөөгөөр Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотууд, Төв, Сэлэнгэ, Булган аймгийн сумдаар ихээхэн тархан суурьшжээ.
Монголчуудын дээд өвөг болох Дува сохор ноёны дөрвөн хүү Доной, Догшин, Эрх, Эмнэг нар эцгийгээ нас барсны дараа Добу мэргэнийг авга ахаа гэж үзэхгүйгээр албатаа аван салж нүүн Дөрвөд овогтон болсон бөгөөд монголчууд цэргийн жагсаалд дөрвөлдөг байснаас үүдэн дөрвөд нэр үүссэн хэмээн домоглох нь ч бий. Добу мэргэний удам бол Чингис хаан бөгөөд дөрвөд боржигон хоёр бол маргаангүй Монгол угсаатнууд юм. Х зууны үед тэдгээр 4 хөвгүүний албатууд Енисей, Эрчис мөрний хавиар, XII зууны үед Халхгол, Байгаль нуур хавиар нутаглаж, 1206 онд Их Монгол Улсын бүрэлдэхүүнд багтан төвийн болон баруун жигүүрийн түмэнд захирагджээ. XYI зууны эхэн үеэс Ойрадын гол дөрвөн аймгийн тоонд орж Алтай уулын хавиар нутаглаж, дотроо их бага дөрвөд, баруун зүүн дөрвөд хэмээн хуваагджээ.
XYII зуунд Дөрвөн Ойрадын дөрвөдийн нэг хэсэг нь Гүүш хаан хэмээх Төрбайх ноёны удирдлаган доор Хөх нуур руу нүүн одсоныг эдүгээ “сог Монгол” буюу Хөх нуурын Дээд монголчууд гэдэг. Харин их, бага дөрвөдүүд нь Далай тайшийн удирдлага доор баруун зүг нүүдэллэн баруун Сибирь, Или, Урал мөрнийг гатлан Ижил мөрний хөвөөнд очин нутаглахдаа Халимаг монголчууд нэр авч Орос улсын бүрэлдэхүүнд оржээ. Үлдсэн дөрвөдүүд нь Увс нуур, Хархираа уул, Хар-Ус нуурын хавьд нутаглан суужээ. Эдүгээ Увс нуурын баруун талаар дөрвөдүүд, зүүн талаар баядууд амьдардаг. Харин одоо ч хятадын Хар мөрөн мужийн өөртөө засах хошуунд дөрвөд ястан бөөнөөрөө орших бөгөөд XI зуунд Енисей мөрнөөс Халх гол, Байгал нуур руу ирсэн дөрвөдүүд хожим баруун тийш нүүдэллэх үед тасран үлдсэн дөрвөдүүд хэмээн үздэг.
1753 онд Монгод үлдсэн 2000 гаруй дөрвөдийн дотроос Цэрэн тэргүүтэй ноёд өөрийн хаан Даваачид дургүйцэн албат нараа авч Манжид дагаар орсон тул тэдэнд тусгай газар заан нутаглуулан Дөрвөд далай ханы аймаг болгож, дараа нь 3 хошуу болгон Сайн заяатын чуулганд багтаан захируулжээ.
Увс аймгийн дөрвөд зоны суудаг монгол гэрийг дөрвөд гэр гэнэ. Өөрсдөө “өөлд гэр” хэмээн нэрлэж иржээ. 10-12 толгойтой, 4-6 тэрэмтэй, ханын эрс нэлээд намхавтар байсан байна. Ханын тоо, ханын эрс сүүлийн үед л нэмэгдэж эхэлжээ. Ханын модны нэг онцлог бол Дөрвөд гэр 41 бургасыг бөөрөнхийгөөр нь биш, харин хавтгайлж дөрвөлжилж засаад толгойг нь бага зэрэг гэдгэр залдаг.
Дөрвөд хувцас нь монголчуудын хувцасны түүхийн түрүү үеийг агуулсаар иржээ. Дөрвөдүүд цагаан нэхийгээр оёсон өдөр тутмын дээлээ “дэвэл”, өнгө татаж оёсноо “үч” гэдэг. Эрчүүд болон нөхөрт гараагүй охидын өмсдөг зуны дээлийг “лавшиг” хэмээнэ. Нөхөрт гараагүй нь дан дээл, нөхөрт гарсан нь дээлэн дээрээ ууж буюу цэгдэг өмсдөг. Цэгдэг нь хатуу дэргэр босоо мөртэй, ардаа оноотой байдаг. Дөрвөдүүд малгайг “махлай” гэх бөгөөд орой нь дөрвөлжин байдаг. Дөрвөн Ойрадын нэг байсан тул түүнийгээ дурсан дөрвөн өнцөгт орой бүхий малгай хэрэглэх болсон гэх ажээ. Зундаа эрчүүд нь эсгий цагаан тоорцог өмсдөг бол эмэгтэйчүүд нь хөх торгон гадартай дөрөв эсвэл зургаан талт тоорцог өмсөнө. Орой дээрээ улаан цацагтай байх агаад нөхөрт гараагүй бүсгүйчүүдийн гоёл болно. Өвлийн цагт бүх насны хүмүүс өмсдөг малгай бол “дуулха” бөгөөд малгайн ар шил нь дээлийн зах давсан урт, хар дотортой, цагаан хурганы арьсаар үслэж, хөх ногоон өнгийн эдээр гадарласан байдаг. Дөрвөдүүд дөрвөд гос, харчин гос, монгол гос, канчин хэмээх 4 янзын гутал хэрэглэж иржээ. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд ялгаагүй 17-18 нас хүрсэн үед гэзэг тавина. Эрэгтэйчүүдийн гэзгэнд “Ширээсэн” буюу “залгаа”, сэвгэрүүдийн гэзгэнд “боодог” гэх мөнгөн гоёл зүүнэ. Эрэгтэйчүүдийн “Ширээс залгаа”-г цацагтай хар мяндсан утсаар гурав салаалж, гөрөөд дор нь цацаг унжуулдаг. Охидын боодгийг 6-8 салаа сүлжиж, олон цацаг гарган бүсэнд нь өнгө өнгийн алчуураар дардаг. Охидын дээлийн энгэр ташаанд “Хэтэч”, “Зүүвч” хэмээх долоон цацаг, хажуу бөөр, зах хөвөөгөөрөө өнгө өнгийн утсан хатгаартай, жижиг хавтага сав, өрөөсөн чихэндээ мөнгөн “төдөг” зэргийг зүүнэ.
Дөрвөд эхнэрүүд чихэндээ төдөг, сийх, хүзүүндээ гау, хоёр ташаандаа тусгай бэлнээс өнгө бүрийн алчуур зүүдэг. Алчуур нь тус бүрдээ өөр өөр зориулалттай. Цэгдэгний энгэрээс “еэтэнз” гэдэг мөнгөөр хийсэн хэлний хусуур, хулхи, хумсний хир цэвэрлэгч, чимхүүр, хөмсөг засагч зэргийг зүүнэ. Эхнэр хүний хамгийн гол чимэглэл нь “үсний гэр”, “токиг” хоёр юм. Үсний гэр шигэрмэгийг хар хилэнгээр үйлдэж, үсээ дугтуйлан хийнэ. Шигэрмэгийг мөнгөн чимэглэлээр чимэглэнэ. Шигэрмэгийн доороос эрвээхэй чимэглэлтэй токиг зүүнэ. Токиг нь загасан, эрвээхэй, чөмгөн гэсэн гурван янз байдаг аж.
2 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 1608
Дарьганга

ДАРЬГАНГА
Дарьганга бол зүүн Монголын нэгэн ястан бөгөөд 2010 оны хүн амын тооллогоор27412 хүн өөрсдийгөө Дарьганга ястан хэмээн бүртгүүлжээ. Сүхбаатар аймгийн Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Наран, Онгон, Түвшинширээ, Уулбаян, Халзан суманд суудаг. Дарьганга хожим үүсч буй болсон угсаатны бүлэг юм. Манжийн эрхшээлийн үед албан журмаар Манжийн хаанд өдий төдий мал сүргийг бэлэг болгон өгсний улмаас “их сүрэг” бий болжээ. 1690 оны үед манж нар үүнийгээ баруун ба зүүн гарын адуучин, баруун ба зүүн гарын тэмээчин, хоньчин гэх мэтээр 5 гар болгон хуваагаад нийтэд нь өсөж үржиж байхын бэлгэдэл болгон “төмөр сүрэг” хэмээн нэрлэсэн байна. Тэрхүү сүргээ хариулж маллуулах зорилгоор Цахар, Халх, Өөлд хүмүүсийг тусгай нэг хошуу болгож “сүрэгчин” гэж нэрлэжээ.
Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу, Сэцэн хан аймгийн Хурц вангийн хошууны дунд суулгасан нь одоогийн Дарь овоо, Ганга нуурын нутаг юм. Ийнхүү нутаглаж байсан газрынхаа нэрийг агуулж Дарьганга угсаа үүсчээ. Төмөр сүргийн ихэнх нь адуу байсан учир газар газрын сайн эрс “хаяагаа хадрахгүй, харснаа авахгүй” хэмээн энд тэндээс цуглан ирсэн “төмөр сүрэг”-ээс сорчлон авч туудаг байсан учир Дарьгангын хошууг “сайн эрсийн хөлд дарагдсан газар” гэдэг байжээ. Шилийн сайн эрсийг төрийн бодлогод бас ашигладаг байжээ. Тухайлбал, 1895-1908 он хүртэл 1350 орчим манж, хятадын худалдаачид ямар нэг хэмжээгээр шилийн сайн эрсийн гарт өртсөн бөгөөд тэдний зөөж явсан хар тамхи, шилийн сайн эрсийн гарт орж үгүй болсноос гадна зарим манж, хятадууд ор сураггүй алга болсон тохиолдлууд нэлээд гарчээ. Дарьгангын сүрэгчин хүмүүс олон жилийн турш холилдон сууснаар, өөр бусад хэсгийн хүмүүсээс ялгагдах өөрийн соёл, хувцас хунар, гоёл чимэглэл, найр хуримын ёс дэг зэрэг соёлын өвөрмөц ялгааг бий болгосон учир нэг ястан гэж үзэх болжээ. Хэл ярианы хувьд Халх монголоос бараг ялгагдахгүй ажээ. Дарьгангын сүрэгчид нь Манж Чин улсын үед Жанчхүүгийн Гусай амбанд захирагдан “Дарьгангын таван гар” нэртэй засаг захиргааны нэгжид харъяалагдаж байгаад 1912 оноос Богд хаант Монгол улсын Дотоод яаманд, 1921 онд Ардын засгийн Дотоод яаманд шууд захирагдах болжээ. 1924 онд Дарьгангын хошууг 18 сумтайгаар байгуулж захиргааг Их булаг гэдэг газар төвлөрүүлжээ. 1929 онд Хэнтий уулын аймагт, 1931 онд Дорнод аймагт, 1942 онд Жавхлант шарга буюу Сүхбаатар аймагт харъяалуулжээ.
Монголын гар урлалд Дарьгангачуудын оруулсан хувь нэмэр бол мөнгөн урлал юм. Манжийн үед “сүрэгчин” хүмүүсийн ажлын хөлсөнд нь цалин цагаан мөнгийг өгдөг байснаас эл нутагт мөнгө хэмээх металл элбэг болжээ. Тэрхүү мөнгөөр эдлэл хэрэглэл, гоёл чимэглэл хийж эхэлсэн бөгөөд хэлбэр хийц нь хаана ч давтагдашгүй юм. Энэ нутагт 1800-1970 оныг хүртэл олон алдарт дархчуул тодорсон бөгөөд тэдгээр хүмүүс Дарьганга хийцийг бий болгон хөгжүүлжээ. Дарьгангын дархчуудмөнгөөр эмээл, хазаар, хударга, хэт хутга, аяганаас гадна сам, дарлага, бөгж, бугуйвч, шүдэнз, савангийн гэр, тамхины хайрцгийг маш уран хийцтэйгээр шүр, тана, сувд шигтгэдэг. Дарьганга дархчуудын олон үе дамжин баяжуулсан нарийн ур хийц, туурвин бүтээх уламжлалт арга барил бусдаас содон өөр байдаг. Тэдний урласан мөнгөн эмээл, хазаар, хэт хутга, аяганаас хээ угалзны дан болоод давхар сүлжээ, хаж, самнаа, хөдөлгөөнт луу, цэцэг, навч, эрвээхийг ухаж сийлбэрлэн гаргасныг тодхон харж болно. Тухайн мөнгөн эдлэлийг чимэглэж буй хээ угалзны зохиомжийг маш нарийн арга ухаанаар урлан гүйцэтгэдэг ур ухааны цогцолбор чадамжаар Дарьганга хийц бусад газрын мөнгөн урлалаас тод ялгарч байдаг юм.
XVII зууны сүүл үед Дарьгангад Халх, Цахар, Ойрад гэсэн гурван өөр ястан суурьшсан явдал нь тэдгээрийг өөр хоорондоо нэгдэн уусаж цоо шинэ ястан бүрэлдэн тогтоход хүргэсэн юм. Тэрхүү шинээр бүрэлдсэн Дарьганга ястан нь өөрийн гэсэн өвөрмөц зан заншилыг бий болгосон байна. Түүний нэг бол "Сайн эр" болох заншил юм. Сайн эр болох заншил бол Дарьганга ястны бахархал хүндлэлийн нэг байсан. Хошуу нуггийн ард олондоо домогт баатар болсон олон сайн эрчүүд байжээ. Тухайлбал, Торой банди, Тогос Чүлтэм, Ганган Төгс, Гархи Банзрагч, Харцага Бор, Хүрэл Дамдин, Хүрмэн Шар, Бух нэйрэн, Орлой шар, Хангай Базар, Хавчиг Саарай, Хагархай Цэнд, Харлаг Дорж, Маам Гөөг, Царцаа Гомбо, Улаан Дамаа, Богино Чалхаа, Өндөр Чалхаа, Цоохор чоно Ч.Лампиран, Исгэрдэг Л.Дамба, С.Жанцан, Цоохор Осор, Элбэг, Төгөө гээд олон сайн эрсийг нэрлэж болох билээ. Эдгээр шилийн сайн эрсийн түүх гарал тун сонин. Тэдний ихэнх нь Манжийн эзэн хааны сүрэгчид байсан Дарьганга нуггаас төрж гарсан байдаг Дарьгангад "Шилийн сайн эр" болоход заавал Шилийн Богд ууланд гарч тангараг өргөх ёс, алдартай сайн эрийг дагалдаж суралцах, сайн эрийн цол чимэгтэй байсан, ядарсан хүнд тус хүргэх, олсон олзоо ядуу ард олонд түгээн өгөх зэрэг тогтсон ёс журам үйлчилж байсан зэргээс үзэхэд тухайн орон нутгийн нэг өвөрмөц заншил байсныг тодорхой харуулж байна.
Эртний Дарьганга хошуу, өнөөгийн Сүхбаатар аймаг бол хэзээнээс нааш хурдан удмаараа гайхуулж ирсэн нутаг. Манж чин улсын дарлалд байхдаа адуун сүргийг нь хариулдаг адуучдын нутаг байжээ. Тэр үеэс л хурдан удмаараа гайхуулж ирсэн байна.
Дарьганга хувцасны хувьд эрчүүд нь дээлээ мөнгөн эдлэлээр чимж, эмэгтэйчүүд нь хүндэтгэлийн хувцас өмсдөг. Дарьганга эхнэрийн дээл алаг ханцуйтай байдаг бөгөөд энэ нь өвөрлөгч хошууны цахар эмэгтэйчүүдийнхтэй ижил юм.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 317
Дархад

ДАРХАД
Дархад нь Хөвсгөл аймгийн баруун сумдаар нутагтай Монгол үндэст ястан юм. 2010 оны хүн амын тооллогоор 21558 хүн Дархад хэмээн бүртгэгджээ. Дархадууд Хөвсгөл аймгийн Улаан тайга, Соёны нуруу, Хөвсгөл нуур орчмын нутаг буюу Рэнчинлхүмбэ, Цагааннуур, Улаан-Уул, Баянзүрх сумдын нутгаар амьдардаг бөгөөд монголын уламжлалт бөө мөргөлийн ёс заншлыг хадгалж үлдсэн өвөрмөц ястан юм.
Дархад бол Монгол нутгийн умард хэсэгт байсан ойн иргэдийн залгамж бөгөөд Монгол, Түрэг овог аймгийн нийлбэрээс бүрэлджээ. Дархад ястны бүрэлдэхүүнд нийт 32 овог байх бөгөөд Монгол угсааны Хар дархад, Ухаа дархад, Шарнууд, Барнууд, Чонод, Онход, Урад, Манхилаг, Хариад, Маанжраг, уйгар, хиргис, Хаасууд, Зоот, Соён, Илжгэн, Хорломай, Балагч, Эрхит , Хуулар гэх мэт олон овог байгаагаас хар дархад нь халх хамниганы холимог гаралтай юм. Дархад ястан нь Монгол овог голлосон түрэг угсааны холимог гаралтай ажээ.
555 онд Түрэгийн гурав дахь хаан Кигинь Тагна-Соёны хавиар нутаглаж байсан олон овог аймгуудыг эзлэн авснаар Дархад тэдний харъяанд орсон бөгөөд ерөнхийд нь “ойн иргэд” гэж нэрлэж байв. Ойн аймгууд нь Байгал нуураас Хөвсгөл нуур хүртэлх ой тайгаар нутаглаж, ан гөрөө хийж, урцанд амьдарч, цаа буга маллаж, сарлаг үхэр өсгөн амьдардаг байжээ
1206 он гэхэд Хүлэг Боорчийг баруун гарын, Мухулайг зүүн гарын захирагч байхад Дархад аймаг нь бусад овог аймгуудтай холилдон нэг хэсэг нь Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар, нөгөө хэсэг нь Сэлэнгэ мөрнөөс зүүн тийш Онон мөрөн хүртэлх нутагт тархан сууж нэгдсэн Монгол улсын баруун, зүүн түмдэд захирагдаж хэдэн жил болжээ. 1270 оноос Хубилай хааны зарлигаар Чингис хааны өмсөж байсан цамц, барьж байсан өргөө гэрийг Ордос нутагт үүрд онголон хадгалах болж түүний мөнхийн харуулд Баруун, Зүүн түмнээс 500 өрх айл нүүлгэсэн нь шар дархад болон шарнууд, урианхай, мянгад овгийн хүмүүс байжээ. Баруун, Зүүн түмний дархадууд Ордос руу шилжин нүүхэд Ар Монголд цөөн тооны дархадууд үлдсэн нь одоогийн Хөвсгөлийн баруун нутгаар тархаж үлдсэн хар дархадууд юм.
Ойрад монголчууд Соёны нуруунаас бууж Алтай орчмоор нутаглан мал аж ахуй эрхлэх болсон үед XYI зууны сүүлчээс Халх, Ойрадын дайн дэгдэж Галдан бошигтод эзлэгдсэн боловч удалгүй Манжийн харъяанд оржээ. 1688 онд Засагт хан аймгийн ноён Гэлэг өөрийн харъяат дархад хүмүүсээс Өндөр гэгээн Занабазарт шавь болгон өгснөөр хар дархад нь Хараа, Ерөө голын сав орчимд нутаглаж хутагтад үслэг ангийн арьсаар алба залгуулдаг дархлагдсан шавь нар нь болжээ. Улмаар бусад яс овгууд тэднийг дагалдан шавийн бүрэлдэхүүнд орсноор тэднийг нийтэд нь дархад шавь нар гэх болжээ. Ийнхүү Хөвсгөлийн урианхайн хязгаарт дархад шавь үүссэнээс хойш эл нутгийн Дүүрэгч вангийн хошууны урианхай отог, дархад шавь нарын хооронд газар ус бэлчээрийн зөрчил гарсан боловч дархадууд зундаа Шишгэдийн сав газраар, өвөлдөө Агар, Бэлтэс, Алтарга, Мөрөн зэрэг газруудаар нутаглан урагш хойш 200-300 км нүүдэллэн амьдрах болжээ. Гэвч дархадуудын амьдрал алба гувчуур, өргөл барьцын улмаас доройтсоны зэрэгцээ тэднийг зөвхөн тусгай бичигтэйгээр нутгаас гадагш гарч явж болох тухай хууль гарган барьж байсан тул бусад ястнаас тусгаарлагдан түгжигдмэл байдалтай болсон байв. Учир нь Дархадын хотгорт бөө мөргөл хүчтэй хэвээр байсан тул манж нар болон монгол ноёдын болгоомжлолыг төрүүлж тийнхүү тусгаарлахад хүргэжээ. Буддын шашин хүчтэй дэлгэрч эхлэхэд монгол даяар байсан бөө нарыг алж устгах хатуу тэмцэл өрнүүлсэн боловч хүч нь хүрэхгүй байсан учраас дархад бөө мөргөлийн зарим шинж чанарыг авч монголчуудад тохирсон буддын шашинг хөгжүүлжээ. Сүм хийд байгуулагдан буддын шарын урсгал хүчээ авч байсан ч бөглүү хязгаарын урианхайн отогт хамрагдаж байсан дархадууд бөө мөргөлөө авч үлдэхэд дөхөм болжээ.
Дархад хувцас нь дээлийн алаг энгэр нь буриадтай төстэй юм. Дархадууд монгол хэлний Дархад аялагаар ярилцдаг өвөрмөц аялгуутай, үгсийн санд нь эртний монгол үг нэлээд байдаг. Дархад ардын дууны ая нь богиновтор ганган, үг нь оновчтой, цэцэн цэлмэг байдаг бөгөөд 700 орчим дархад дуу байдаг байна. Хөг аялгуунд нь Хөвсгөлийн уулс, Шишгэдийн хотгорын байгалийн үзэсгэлэнт байдал нэвт шингэсэн байдаг ажээ.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 761
Буриад

БУРИАД
Монгол угсаатны эртний нэгэн аймаг, Монгол үндэстний одоогийн нэгэн ястан, язгуурын Монгол хэлт ард түмэн. 2010 оны хүн амын тооллогоор Монгол улсад45087 буриадууд бүртгэгджээ. Одоо Булган аймгийн Тэшиг, Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо, Сэлэнгэ аймгийн Ерөө, Төв аймгийн Мөнгөнморьт, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Ханх, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Дадал, Норовлин, Баян-Адарга суманд буриадууд амьдардаг.
Эрт үед Дундад Сибирийн өмнөд хэсгээр нутаглан мал хариулж, ан агнаж, язгуурын монголчуудтай ойр дөт харилцсаар ирсэн байна. Байгал нуурын зүүн эрэг хавийн Баргужин төхөмд нутаглаж байсан Хорь, Түмэд, Баргуд зэрэг эртний сурвалжит аймгуудаас үүссэн гэж үздэг.
Байгал нуурт нутаглаж байсан Барга баатарын дунд хөвгүүн Гүр Буряадын нэрнээс үүсэлтэйгээр “буряад” зон үүссэн хэмээн судлаачид үздэг ажээ.
XIII зуунд Их Монгол Улсын бүрэлдэхүүнд багтаж явсан ба XY зуунд баргуудын хамт Дөрвөн Ойрадын харъяанд орж, Батмөнх Даян хааны үед засаг захиргааны шинэчлэлт хийгдсэнээр буриадууд Урианхай түмэнд багтаж, Бодь-Алаг хааны үед Монголын хойд хэсэг буюу эх нутагтаа эргэн иржээ.
Буриадуудын нутагладаг Байгал нуур орчимд 1619 онд Оросын зүүн хязгаарын Казах цэргүүд довтлон ирж, улмаар 1644 оноос цэргийн бэхлэлт суурингууд байгуулж эхэлснээр орос иргэд нүүн ирж суурьших болжээ. 1688-1689 онд Түшээт хан Чахундорж нутаг усаа хамгаалан Байгал нуур орчимд казах цэргүүдтэй 5 удаа байлдсан боловч газар нутгаа эргүүлэн авч чадаагүй юм. Улмаар 1795 онд 5500 орос тариачныг шилжүүлэн суулгаж малын бэлчээрийг хязгаарласнаар буриадууд шахагдан Монгол руу дүрвэн орж иржээ. Тэд одоогийн ОХУ-ын Буриад улсын Сэлэнгэ, Хиагт, Бичүүрийн аймгаар тархан суусан байсан бөгөөд XX зууны эхэн үеэр Монголд өрнөсөн Эрх чөлөөний хөдөлгөөний нөлөөгөөр идэвхжиж олноороо нүүн орж иржээ. 1913 онд Дорнод аймгийн хилийн Чулуунхороот хавийн газраар 700 гаруй өрх айл нүүн ирсэн нь анхны их нүүдэл байсан байна. Тухайн үед тэднийг хүлээн аваагүй боловч 1920-1921 онд Монголын харъяат болгож, 1923 оны хоёр улсын гэрээ бичгийн дагуу албан ёсоор бүртгэж Халх-Нөмрөгийн буриад хошуу гэх мэтээр зохион байгуулжээ.
Одоо цагт Буриадууд 3 улсад тархан суудаг. Орос болон Монгол улсад "Буриад",Хятад улсад "Монгол" гэх нэрээр хүн амын бүртгэлд бүртгэгддэг. Орост 461,389, Монголд 45,087, Хятадад 10,000 орчим Буриад хүн бий. Буриадуудын ихэнх нь ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад амьдардаг.
Буриадын яс овгууд дотор хорь, ага буриад нь буриадын эртний овгуудаас бүрэлдсэн бол сонгоол овог дотор Халх, Өвөрмонгол, Ойрад гаралтай яс овгууд зонхилдог байна. Эдүгээ буриадууд Монгол улсын Хэнтий, Дорнод, Сэлэнгэ аймагт, ОХУ-ын Буриад улсад, Эрхүү мужийн Усть-Ордын үндэсний тойрогт, Чита мужийн Агын тойрогт, ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Шинэхээн аймагт тус тус оршин сууцгааж байна.
Буриад хэл , аялгуу нь өргөн утгаараа Монгол хэлний хойд аялга буюу буриад аялгаар ярилцдаг. Эрт үеэс бусад монголчуудтай адилаар уйгур бичигт үндэслэсэн монгол бичиг ашигладаг байсан бөгөөд Орос дахь буриадууд 1931 оноос латин, 1939 оноос кирилл бичиг хэрэглэх болсон. Тэд өөрсдийн бичиг үсэг зохиож байсан боловч Оросуудын шахалтаар бараг мартагдаж байгаа болно.
Буриадууд сууц нь голлон байшинд амьдардаг бөгөөд хадлан хадах, ан агнах, үхэр өсгөх зэрэг аж ахуй эрхлэн амьдардаг. Сүүгээ машиндаж зөөхий хийх, талх барих, жимсний чанамал хийх зэргээрээ алдартайгаас гадна найр наадамд харилцаа дуу дуулах, цэц булаалдах, бүжиг бүжих, домог түүх өгүүлэх зэрэгт ихэд шалгарсан ард түмэн юм.
Буриад хувцасны эрэгтэйн дээлийн энгэр хурц омогтой, цайвар, хар, улаан өнгийн эдээр гурвалсан эмжээр хийж түүнийгээ дээд, дунд, доод гурван тэнгэр хэмээн домоглодог. Эмэгтэйчүүдийн дээлийн ханцуйн тохойн хэсгийг хоргой торгоор өргөн эмжиж уужны оноог арын хуниаснаас доош байрлуулж хийдэг. Буриад дээлийн энгэрийн эмжээрэнд хар, улаан өнгө заавал орох бөгөөд гурав дахь өнгө нь тухайн хүний хүйс, наснаас шалтгаалан өөр өөр байдаг байна. Хар, улаан өнгө оруулдаг нь түүхийн хугацаанд тэдний амссан хагацал зовлон, харуусал гашуудлыг илэрхийлдэг байна.
Авгай дээл нь энгэр, ар, өвөр, цээж, хормой тэргүүтэн найман хэсэг эсгэвэр нийлэн бүрдэнэ. Дээлийн энгэрийг нарийн эмжиж, дотоод ба гадаад хормойг хар бараан өнгийн эдээр өргөн эмждэг. Авгай дээлийн тохойг хоргой, торгоор гоёж, цээж хормой хоёрын залгаас хавьд хуниас гарган оёдог онцлогтой. Дээлийн ар мөрний хуниасыг гурван хос жигд хавна. Дээлийн заханд нэг, энгэрт хоёр, суганд нэг товч хадна. Буриад авгайн дээл нь татаахан, мөшгөөхөн, тууз зэрэг гоёмсог бөхөлгөөтэй. Самган дээлийн бүслүүр хавьд бөхөлгөөг хийдэг байхад басган дээлийн ар, өвөрт нь адилхан бөхөлгөө хийдэг. Авгай дээлийн ар хормой болон цээж хэсгийг бөс даавуугаар хийдэг бол урд хормойгоо торго, магнагаар хийдэг.

Comments