Skip to main content

Монгол үгүй газрын зургийг хэн үйлдвэрлэж байв.

Тайваньчууд хэзээ Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн бэ??? Монгол үгүй газрын зургийг хэн үйлдвэрлэж байв. Сонирхолтой, Содон мэдээллийг ЭНДЭЭС...

Монгол хаана байна?  Нийтлэлч Б.Индра 

Тойм cэтгүүл 2013.12.12
Дэлхийн газрын зураг дээр Монгол улсыг Хятадтай нийлүүлсэн зураг мэр сэр интернэт сайт дээр үзэгддэг. Ийм зургийг албан ёсоор Тайваньд хэвлэж гаргадаг байсан бөгөөд үүний шалтгаан нь түүхийн нэлээд урт, ээдрээт учир холбогдолтой. Тиймээс аль болох товч өгүүлэхийг хичээе.

ХХ зууны эхэнд Манж Чин улс мөхөж Монгол улс 1911 оны 12 дугаар сард тусгаар тогтнолоо тунхаглахад, мөн зэрэгцээд Дундад иргэн улс 1912 онд байгуулагдсан байдаг. Түүхэнд аливаа эзэнт гүрэн уруудаж доройтоход хүчээр нэгтгэсэн вассалууд нь бие даан тусгаар тогтнож, эзэнт гүрнийг нэг мөсөн задлан бутаргадагийн адилаар Чин гүрэн мөхөхөд Монгол улс ч, Дундад иргэн улс ч тус тус бие даан, тусгаар тогтнолоо тунхагласан билээ. Гэвч Дундад иргэн улс нь өөрийгөө Чин гүрний залгамжлагч гэж үздэг тул харъяанд нь байсан нутаг дэвсгэрийг ч мөн адил залгамжлан авна хэмээж, энэ үүднээс Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй өөрийн нэг хэсэг хэмээн үзэж байлаа.

ДИУ-ын энэ байр суурь олон улсын тавцанд Монголын асуудал шийдэгдэх хүртэл буюу 1945 он хүртэл үргэлжилсэн байна. Дэлхийн II дайны төгсгөлд Холбоотнууд Ялтад хуралдсан хэлэлцээрээр Монголын хувь заяа хэрхэн шийдэгдсэн түүхийг хүмүүс мэдэх билээ.

Ялтын хурлын дараа Орос Хятад хоёр 1945 оны 8 дугаар сарын 14-нд “ЗХУ, ДИУ-ын хэлэлцээр”-ийг байгуулж, “Японыг бут цохисны дараа, хэрвээ Монголын ард тvмэн бvх нийтийн санал асуулгаар БНМАУ-ыг тусгаарлах нь зvйтэй гэж нотолбол Хятадын Засгийн газар Гадаад Монголын тусгаар тогтнолыг одоо байгаа хил хязгаараар нь хvлээн зєвшєєрнє” гэж мэдэгдсэн байна. Ийнхүү 1945 оны 10 дугаар сарын 20-нд Монголд бүх нийтийн санал хураалт явуулж бидний өвөө эмээгийн өгсөн саналын дагуу Монгол Улсын тусгаар тогтнол баталгаажсан билээ.


ДИУ Монголын тусгаар тогтнолыг ийн хүлээн зөвшөөрсөндөө наашаа харж инээж, цаашаа харж уйлж байх тэр үеэр Хятадын дотоодод олон жил сунжирч үргэлжилсэн дайн ширүүсэж, Мао Зөдуны тэргүүлсэн Коммунист нам ялсанаар одоогийн БНХАУ 1949 оны 10 дугаар сарын 1-нд байгуулагдаж, харин мөнөөх ДИУ-ын Засгийн газар Тайвань арал уруу дутаан тэндээ төвхнөсөн байдаг. Тухайн үед хэдий Тайваний жижиг арал дээр орших ч ДИУ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн хэвээр байсан бөгөөд энэ эрхээ 1971 он хүртэл хадгалж, НҮБ-д Хятадыг төлөөлж байлаа.

Дундад иргэн улс НҮБ-ын гишүүний бүрэн эрхээ ашиглаж дээр дурдсан “ЗХУ, ДИУ-ын хэлэлцээр”-ээ хүчингүй болгуулах саналыг 1952 онд НҮБ-д өргөн барьжээ. Шалтаг нь Японыг бууж өгсөний дараа ЗХУ амлалтаа биелүүлээгүй гэж, харин шалтгаан нь Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрнө гэсэн өөрийн амлалтаас няцах зорилготой ажээ. Уг саналыг нь НҮБ хүлээн авсанаар ДИУ 1952 оноос газрын зурагтаа Монголыг дахин нийлүүлэн гаргах болсон түүхтэй.

Гэвч түүх хоржоонтой, Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөхгүй гүрийж байсан ДИУ өөрөө тусгаар тогтнолоо алдсан юм. Олон улсын хамтын нийгэмлэг 1971 оноос эх газар дахь БНХАУ-ыг хүлээн зөвшөөрөх болж, энэ үеэс ДИУ нь Тайвань муж нэрээр Хятадын нэг хэсэг болсон билээ.

Гэлээ ч Тайвань Монгол Улсыг шинэ зуунд албан ёсоор “хүлээн зөвшөөрөх” хүртлээ газрын зурагтаа Монголыг нийлүүлэн зурсаар байсан юм. Даяаршлын эринд ардчилсан нийгэм, өндөр хөгжилтэй Тайвань нь Монголын талаарх байр сууриа эргэн харах нь зүйтэй гэж үзээд, дэлхийн 100 гаруй улстай дипломат харилцаатай НҮБ-ын бүрэн эрхт гишүүн Монгол Улсыг хүлээн зөвшөөрөхгүй байх нь Тайваний хувьд олон улсын хамтын нийгэмлэгтэй хөл нийлүүлээгүй хэрэг болох тул 2002 онд албан ёсоор Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, “Дундад Иргэн улс”-ын газрын зургаас “Гадаад Монгол”-ыг хасаж, монголчуудыг “Эх газрын иргэн” гэсэн ойлголтоос халсан байдаг.

Ийнхүү 2002 оноос өмнө Тайваньд үйлдвэрлэсэн дэлхийн газрын зураг дээр Монгол байдаггүй бол түүнээс хойшх газрын зураг дээр бий болсон байна. Үүнийг миний бие саяхан Тайваньд байхдаа зориуд анзаарч явсан бөгөөд үнэхээр 90-ээд оны зарим газрын зураг, саяхны зураг хоёр ялгаатай болж, үүнийг дагаад Монголын талаар ялангуяа залуу үе нь шинэ ойлголттой болсоныг сонсоход таатай байлаа.

Дашрамд сонирхуулахад Манжийн үеэс Монголын асуудлыг эрхэлж байсан Монгол Журган хэмээх байгууллага ДИУ-ын үед буюу 1940-өөд оны дундаас Монгол Төвдийн хороо болон өргөжиж, Засгийн газрын харъяа яамны статустайгаар “Гадаад Монголын” хэргийг хариуцаж иржээ. Монгол Улсыг Хятадын харъяаны Төвдийн өөртөө засах оронтой зэрэгцүүлэн хариуцаж байгаа нь тусгаар тогтносон Монголын хувьд ойлгомжгүй зүйл билээ. Монгол Төвдийн хороо одоо хүртэл оршиж байгаа боловч энэ жил буюу 2010 оны 1 сард Тайваньд шинээр батлагдсан “Засгийн газрын бүтцийн тухай хууль”-аар Монгол Төвдийн хороог татан буулгахаар тогтсон байна. 2012 оны 1 сарын 1-нээс шинэ бүтцээр ажиллаж эхлэх Засгийн газрын бүтцэд Монгол Төвдийн хороо байхгүй болж, Монгол Улстай холбоотой алив асуудлыг Гадаад яам нь хариуцахаар болжээ.

Жич: Монгол Улс нь 1949 онд БНХАУ-ыг байгуулагдсан даруйд нь хүлээн зөвшөөрч 16 хоногийн дараа дипломат харилцаа тогтоосон юм. Монгол Улсын Засгийн газар Тайвань дахь Дундад иргэн улсыг хүлээн зөвшөөрч байгаагүй бөгөөд эдүгээ албан ёсоор Тайванийг БНХАУ-ын нэг хэсэг мөн хэмээх байр суурь баримтладаг. 

Гэхдээ Монгол Улс улс төрөөс бусад салбарт Тайваньтай идэвхтэй харилцдаг бөгөөд 2002 онд Улаанбаатарт, 2003 онд Тайбэйд тус тусын Худалдааны төлөөлөгчийн газрыг нээж, хоёр талын харилцааны асуудлыг уг байгууллагуудаар дамжуулан зохицуулж байна.  

Үндэстний Тойм сэтгүүл №49(200) via  http://bit.ly/1gO8eQp
ROC - Republic of China Taiwan , PRC - Peoples Republic of China 

Comments

Popular posts from this blog

Босс гарын үсэгтэй болох ЖОР

Би 8-р ангид байхаасаа л гарын үсгээ төрөл төрлөөр нь эрээчдэг хүүхэд байлаа. Харин одоо бол дажгүй хэвшсэн гэж боддог юм. Та бүхэн доорхи мэдээллийг сонирхон гарын үсэгээ шинжээрэй. Паркер бариад л чухал баримтанд үзэглэж байх тийм цаг үе өнөөдрийн залуусын ирээдүйн тэмүүлэл байгаасай гэж би боддог. Өнөөдрөөрөө өөдрөг амьдарцгаая.  Хүмүүс гарын үсэг биш нэрээ бичдэг бол чадваргүйн шинж хэмээн үздэг. Хэрвээ гарын үсэг нь жигд дээшээ явах зураасаар эхлээд мөн жигд дээшээ, өөдөө явах зураасаар төгсөж байвал тэр хүндээ их хөрөнгө мөнгө, амжилтыг авчирдаг. Та өөрийн таних мэдэх бүх амжилттай байсан бөгөөд амжилтын оройд яваа хүмүүсийн гарын үсгийг шалгаарай. Тэгээд хэрвээ та үүнийг үнэн болохыг олж харвал өөрийн гарын үсгээ иймэрхүү ээлтэй зураасаар эхлүүлж, төгсгөх дадлага хий. Доор үзүүлсэн гарын үсгүүдээс хамгийн ээлтэй нь А ба С юм. Гарын үсэг С: Энэ нь хамгийн сайн Фэнг Шүйг агуулсан бас нэгэн гарын үсэг юм. Эхлэл ба төгсгөл нь өөдөө явсан зураастай байхыг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...

ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРӨГ 2 хувилбараар хадгалагдан иржээ.

Тайваний нийслэл Тайбей хотын музейд эх хувилбар нь хадгалагддаг энэхүү зургийн талаарх цөөн мэдээллийг нэгтгэв. Санамсаргүйгээр и-монголиа сайтаар үйлчилгээ авахаар хайж явтал байдаг юм байна. танд ч гэсэн хэзээ нэг цагт хэрэг болвол татаад аваарай.  1949 онд Дундад Иргэн Улсын Ерөнхийлөгч Чан Кайши Хятадаас дүрвэн Тайвань арал руу гарахдаа, лавтайяа сүүлийн мянга орчим жилийн туршид Хятад орныг эрхшээсэн үе үеийн зүрчид, монгол, хятад хаад төрж барьсаар ирсэн Бээжин дэх Хааны ордонд тэдгээр үе үеийн хаад, дээдэс эдэлж хэрэглэж, хадгалж хамгаалж ирсэн хэдэн мянган эд өлгийн зүйлс, хаадын эрдэнэсийн санг зөөж авчирсны дотор энэ хөрөг хүндтэй байр эзэлдэг хосгүй үнэт өв дурсгал юм.  (Оюутан байхад музейд дэлгэгдэх боломж гарч мөн очиж үзэж байсан юм. хэзээ нэг цагт манай Чингис хааны музейд дэлгэгдээсэй билээ гэж бодож сууна. УБ 2024 12 10. 10.42мин) Эх сурвалж №1  Юань улсын үед (XIV зуун) бүтээгдсэн Чингис хааны хөрөг. Үндэсний Ордон Музей, Тайбэй, Тайвань. Анхны хувилба...