НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2006 оны гуравдугаар сарын 27-нд тавдугаар сарын 17- ыг бүх дэлхийн цахилгаан холбоо, мэдээллийн нийгэмлэг үүссэн тэмдэглэлт өдөр болгох тухай тогтоол гарган баталжээ.
УТСАН ХАРИЛЦУУРЫН ТҮҮХ

Телефон утасны түүх маш эртнийх билээ. Анх 968 онд Хятадын зохион бүтээгч труба ашиглан дуу дамжуулдаг “thumtsein” нэртэй аппарат зохиож байсан тухай мэдээлэл хадгалагдан үлджээ. Харин цахилгаан дамжуулалтын ачаар дуу, авиа дамжуулдаг утасны түүх XIX зууны хоёрдугаар хагасаас эхтэй. Утасны харилцуур гэх үгийг анх 1854 онд Шарль Бурсель гэгч ашиглан олноо танилцуулсан ч эл сэдвээр бичсэн түүний эрдмийн ажил амьдралд хэрэгжилгүй өнгөрчээ. Хүний яриаг дамжуулах чадвар бүхий телефон утсыг Америкийн зохион бүтээгч Александр Белл анх зохиосон гэгддэг. Түүний зохиосон утсан харилцуур олон доголдол
той байсан гэдэг. Хэдий тийм ч энэ нь утсан холбооны түүхэнд жинхэнэ хувьсал дагуулсан шинэлэг нээлт болж чадсан юм. Анхны телефон нэгэнт бий болсон цагаас хойш олон олон зохион бүтээгч гэрийн нөхцөлд ажилладаг анхны утсыг бүтээхийг мөрөөдөн элдвийг сэдэж, Беллийн утасны чадварыг дээшлүүлсээр байс

ан юм. Утсан холбооны хөгжилд Америкийн зохион бүтээгч Томас Эдисон асар том хувь нэмэр оруулсан гавъяатай хүн. Тэрбээр 1877- 1878 оны үед нүүрстөрөгчийн нунтаг бүхий, чанга яригч бүтээснээр микрофоны чанар, чадамж улам дээшилсэн юм. Түүний эл бүтээлийг 1980 он хүртэл ашигласан түүхтэй. Утсан холбооны анхны станц АНУ-ын Нью-Хейвен хотод байгуулагдсан бол дараагийнх 1879 онд Парист, 1881 онд Москва, Берлин, Рига, Варшавт зэргээр удаалжээ. XIX болон зууны XX эхээр дэлхий даяар утсан харилцуурын “шуурга дэгдэж”, утсан холбооны станц, хот хоорондын шугам тавигдаж эхэлсэн юм. Эдгээрээс хамгийн урт нь Москва-Петербург 660 км, Парис-Лондон 498 км, Парис-Брюссель 320 км байсан юм. 1910 он гэхэд дэлхий дахинаа телефон утасны 10 мянга гаруй станц үйл ажиллагаагаа явуулж, 10 сая гаруй харилцуурыг холбодог байжээ. Харин өдгөө утсан холбоо хөгжлийн дээд шатандаа хүрсэн бөгөөд дэлхийн бараг хүн бүр харилцуурт утас болон өөрийн гэсэн гар утас ашиглаж байна. Гэтэл 150 жилийн өмнө утсан холбоо гэгч зүйл олон зохион бүтээгчдийн мөрөөдөл төдий зүйл байв.
ГАР УТАСНЫ ТҮҮХ
Хүн төрөлхтний зайлшгүй хэрэглээ болсон гар утасны түүх 1906 оноос эхтэй. Анх 1906 онд Чарльз Э.Алден гэх зохион бүтээгч өөрийн бүтээсэн “хантаазны халаасаны телефон” –оо хэд хэдэн гэрчийг байлцуулан туршсан тухайгаа “New York World” сонинд хэвлүүлсэн гэдэг. Гэсэн хэдий ч Алден уг гайхамшигт бүтээлээ үйлдвэрлэлд нэвтрүүлэгүй юм. Харин анхны хөдөлгөөнт телефон дуудлагыг 1946 онд Белл Системс компанийн бүтээгдэхүүнээр хийжээ. Уг хөдөлгөөнт утасны аппарат нь олон тооны ламп болон релейнээс бүрдэх бөгөөд 36 кг жинтэй байв. Эхлээд хөдөлгөөнт телефоны 3 суваг байсан бөгөөд, удалгүй гурван давтамж дамнасан 32 сувагтай болжээ. Цөөхөн тооны радио давтамжийг хөдөлгөөнт холбоонд хэрэглэх боломжтой байснаас шалтгаалан тун удалгүй багтаамж нь дүүрсэн байна.

“Моторола” компани тоног төхөөрөмжөө боловсронгуй болгосоор 1973 онд анхны гарт багтах утсыг бүтээжээ. Зохион бүтээх багийн ахлагч Мартин Митчелл хожим дурсахдаа: “Намайг гудамжинд явж байхдаа утсаараа ярьж байхыг зөрж өнгөрсөн хүн болгон амаа ангайн харж билээ. Би хэд хэдэн дуудлага хийнгээ зам хөндлөн гарч яваад Нью-Йоркийн радиогийн сурвалжлагчтай тааран ярилцсан маань амьдралдаа хийсэн хамгийн аюултай зүйл байсан” гэжээ. Энэхүү бүтээл нь 3995 ам.долларын үнэтэй боловч, нэг кг орчим жинтэй байсан тул “тоосго” хэмээх нэр авсан юм. Гар утасны жинхэнэ автомат сүлжээг 1979 онд Японы Телеграф ба Телефон (NTT) компани Токио хотын төвийн дүүргүүдэд нэвтрүүлжээ. Улмаар 1980 –аад онд Дани, Финлянд, Норвеги, Швед, Их Британи, Мексик, Канад зэрэг улсууд шил шилээ даган гар утасны сүлжээ нэвтэрч эхэлжээ. АНУ-д 1983 онд “DynaTAС” компани өөрийн гар утсаа “Ameritech” компанийн 1G сүлжээнд зориулан гаргажээ. Энэхүү утсыг бий болгоход зөвхөн судалгаа шинжилгээ, туршилтад 100 сая ам.доллар зарцуулсан баримт байдаг. Гэвч энэхүү утас нь бүрэн цэнэгтэй зайгаараа 30 минут ярьдаг атлаа бүрэн цэнэглэхэд 10 цаг шаардлагатай байсан нь хэрэглэхийг хүссэн олон хүмүүсийг хүлээзнэхэд хүргэсэн билээ. Удалгүй 1991 онд Финляндад хоёрдахь үеийн (2G) GSM стандартын гар утасны технологи нэвтэрсэн бөгөөд дэндүү болхи 1G утаснуудыг хэрэглээнээс шахаж эхэлсэн байна. Үүнээс хойш 10 жилийн дараа 2001 онд Японы NTT Do- CoMo компани WCDMA стандартын 3G сүлжээг нэвтрүүлэв. Ингэснээр технологийн шинэ боломж нээгдэж 3.5G, 3G+, 3G Turbo гэх мэт дэд төрлүүд хэрэглээнд нэвтэрчээ. Эдгээр дэд төрлүүд нь мэдээлэл дамжуулах хурдыг сайжруулснаараа онцлогтой аж. Үүнээс хойш гар утас хэрэглэгчдийн тоо тасралтгүй өсч, интэрнэтэд суурилсан үйлчилгээ давамгайлж эхэллээ. Энэхүү эрэлт нь 3G технологийн хүчин чадлыг дарангуйлж эхэлсэн тул АНУ-ын Sprint компанийн WiMAX стандартад суурилсан, Скандинавийн TeliaSonera компанийн LTE стандартад суурилсан хоёр төрлийн 4G сүлжээ нэвтэрчээ.
ИНТЕРНЕТИЙН ТҮҮХ

Интернет нь компьютерийн нэгдсэн сүлжээний бүх дэлхийн систем юм. 1957 онд АНУ-ын Батлан хамгаалахын яам Америкт дайн, тулаан гарах үед мэдээлэл дамжуулах найдвартай систем хэрэгтэй болохыг тооцоолжээ. АНУ- ын Батлан хамгаалахын дээд шатны шинжлэх ухаан-судалгаа боловсруулалтын агентлагаас ийм системд компьютерийн сүлжээ ашиглах хэрэгтэйг санал болгосон байна. Ингээд энэхүү мэдээлэл дамжуулах найдвартай технологийг боловсруулан бүтээх ажлыг Калифорнийн их сургууль, Стэнфордийн судалгаа, шинжилгээний төв, Ютагийн их сургууль зэрэг нэр хүндтэй боловсрол, судалгааны төвүүдэд даалгасан байна. Томоохон сургуулиудын эрдэмтдийн боловсруулсан компьютерийн сүлжээг анх “ARPANET” (англ. Advanced Research Projects Agency Network) хэмээн нэрлэж, дээр дурьдсан шинжлэх ухааны дөрвөн том төвийг холбосон байна. Энэ бүх ажлыг АНУ-ын Батлан хамгаалахын яам санхүүжүүлж байв. “ARPANET” сүлжээ тун удалгүй өргөн хүрээг хамарч, идэвхтэй хөгжиж эхэллээ. Салбар бүрийн эрдэмтэд эл сүлжээг ашигладаг болов. Анхны сервер “ARPANET” 1969 оны есдүгээр сарын 2-нд Лос- Анжелес хотын Калифорнийн их сургуульд 24кб-ийн санах ойтой “Honeywell DP-516” компьютерт суурилагдсан юм. 1969 оны 10 дугаар сарын 29-ний 21:00 цагт 640 км-ийн зайтай орших Калифорнийн их сургууль болон Стэнфордийн судалгааны хүрээлэнгийн хооронд “ARPANET” сүлжээг ашигласан анхны холболт амжилттай явагдсан түүхтэй. Интернэт сүлжээгээр хамгийн анх илгээгдсэн үг бол “LOG”. Үдшийн 21:00 цагт “LOG” /энэ нь системд нэвтрэх баг гэсэн “LOGIN” хэмээх үг байх ёстой байжээ/ гэсэн гурван үсгийг амжилттай илгээгээд систем ажиллагаагүй болжээ. Харин 22:30 минут гэхэд систем хэвийн болж, ажиллаж эхэлжээ. Чухам энэ үеийг л интернет “мэндэлсэн” цаг, өдөр гэж болно. Интернет сүлжээ ашиглан цахилгаан мэдээ дамжуулах анхны хөтөлбөрийг 1971 онд боловсруулсан. Олноо танигдсан цагаасаа л маш түгээмэл ашиглагдах болжээ. Америкт л ноёрхож байсан интернет сүлжээг 1973 онд тив дамнасан утсан холбоонд нэгтгэснээр Их Британи, Норвеги зэрэг орнуудтай холбогдож, олон улсын шинж чанартай болжээ. 1983 оноос “интернет” гэх нэр томъёо “ARPANET” -тэй холбогдож салшгүй ойлголт болов. 1984 онд “ARPANET” сүлжээнд АНУ-ын шинжлэх ухааны үндэсний сангийн “NSF” гэх чухал өрсөлдөгч бий болов.

Энэхүү сүлжээ их сургууль хоорондын сүлжээг өргөжүүлснээр харьцангуй өргөн хүрээх хамарч эхэлжээ. Тиймдээ ч тус сүлжээнд 10 мянга гаруй компьютер холбогдож, “интернет” гэх нэр “NSF” рүү шилжин “NSFNet” (англиар. National Science Foundation Network) нь илүү түгээмэл болж эхэлжээ. Интернет сүлжээ ашиглан шууд харилцах буюу чатны хэрэглээ 1988 онд үүсчээ. “ARPANET” сүлжээ нь 1990 онд өрсөлдөгч “NSFNet”-д бүрэн утгаараа ялагдаж, оршин тогтнол нь үгүй болсон юм.
Comments