та бидэнд Монголын PR-чид гэж хэн бэ гэсэн асуулт тавибал бэлэн хариулт байгаа билүү. Энэ салбарын тухай сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
PR-ийн боловсрол олгох төвийн тэргүүн, докторант Н.Урантогтох: “PR улс төрийн гол технологи болж байна”
Маркетинг менежмент, реклам сурталчилгаа, PR ажиллагаа гэдэг үгс сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр ихээхэн ажиглагдах боллоо. Эдгээр үгсээс PR гэдэг нэр томъёо хамгийн их хэлэгддэг болжээ. Монголд PR-ийн чиглэлээр дагнан судалгаа хийж буй хүмүүсийн тоо тун цөөн байна. PR хэмээх ухагдахууныг 1807 онд АНУ-ын ерөнхийлөгч Р.Жефферсон анх нийгмийн харилцаатай холбон тайлбарласнаар үүссэн бол мэргэжлийн үйл ажиллагаанд анх ашигласан хүн бол Айви Ли гэдэг хүн гэнэ. Манай орны хувьд улс төрийн салбарт эрчимтэй хөгжиж буй PR-ийн тухай ярилцахаар бид энэ удаагийн зочноо урьлаа.
Сайн байна уу. Юуны өмнө таньд энэ өдрийн мэнд хүргэе. Өөрийгөө танилцуулахгүй юу?
- Сайн уу. Намайг Н.Урантогтох гэдэг. Сургалт, судалгаа, сурталчилгааны “PR-ийн боловсрол олгох төв” ТББ-ын тэргүүнээр ажилладаг. Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй. PR-ийн чиглэлээр дагнан эрдэм шинжилгээний ажил хийж байгаа Монголын судлаачдын нэг. Монголын бизнесийн PR-ийн өнөөгийн байдал: Банк санхүүгийн байгууллагын жишээн дээр сэдвээр бакалаврын, Улс төрийн PR-ийн мэдээллийн үйл ажиллагаа 2008 оны УИХ-ын сонгуульд нөлөөлсөн нь сэдвээр магистрын зэргийг МУИС-д хамгаалсан. Одоо судалгааны ажилаа өргөжүүлж докторын зэрэг хамгаалахаар суралцаж байна.
Бидний ярилцах сэдэв бол PR. 2000 оноос хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамгийн олон удаа хэрэглэгдэх болсон үгийн нэг бол PR. Тэгэхээр PR гэж ер нь юуг хэлээд байна вэ? Амжилтанд хүрэхийг хүссэн бүр үүнд ач холбогдол өгөх болсоны учрыг тайлбарлаж өгөхгүй юу?
- Танай сайтын хамт олон, түүний мянга мянган уншигчид энэ талаар янз бүрийн ойлголттой байгаа байх. PR хэмээх энэхүү нэр томъёог Монголчууд хэрэглэдэг болоод удаагүй байна. Анх хар илбийн ид шид хэмээн хэлэгдэж байгаад сүүлд олон нийтийн харилцаа гэж орчуулагдсан Public Relations гэдэг үгийн товчлол болох PR гэдэг ухагдахууныг судлаачид орчин үед орчуулалгүй хэрэглэдэг. PR нь улс төрч, урлагийн оддоос эхлээд байгууллага аж ахуй нэгж, бараа бүтээгдэхүүн хүртэлх бүх л зүйлсийн талаар эерэг таатай сэтгэгдэл төрүүлэх, үр дүнтэй, харилцан ашигтай харилцааг бий болгон төлөвшүүлэх зорилгоор олон нийтийн санаа бодолд тулгуурладаг олон нийттэй харилцах арга зүй юм. Түүхийн олон хөгжлийн шатанд PR ажиллагаа улам нарийсч цогц технологи болж хувирсаар олон нийтэд хандах хамгийн чухал арга болж хувираад байна. Олон нийтийг итгэн үнэмшүүлж дагуулах, анхаарлыг нь татах, итгэлцлийг бий болгохын тулд өнөөдөр Монголын бүхий л улс төрийн намууд болон улс төрчид, урлагийн одод, байгууллага аж ахуй нэгжүүд PR зөвлөх, алба хэлтэстэй болоод байна.
Энэ нь тэгэхээр олон нийт буюу иргэдийн анхаарлыг л татаж улс төрийн намууд болон улс төрчид, урлагийн одод, байгууллага аж ахуй нэгжүүдийг сурталчлах арга хэрэгсэл гэсэн үг үү?
- Яг ч тэгж ойлгож болохгүй л дээ. Монголд анх PR-ын үзэл баримтлал, үйл ажиллагааг эхлүүлсэн хүмүүсийн хажуугаар өөрсдийгөө PR-чин гэж өргөмжилсөн цөөн хүний буруу тайлбар, хар ажлуудаас болж иргэд муу зүйлийг өрөөсгөлөөр сурталчлах, хэт дөвийлгөн ярих, зохион байгуулалттайгаар гүтгэх ажиллагаануудыг PR гэж ойлгох болсон. Гэтэл энэ нь зөвхөн PR-ийн нэг жижигхэн л хэсэг юм шүү дээ. PR-д “4-н P-ийн онол”, “4-н M-ийн үзэл”, AIDA, RACE, DAGMAR гээд маш олон аргачлалыг ашиглаж болдог. Эдгээрийн эцсийн дүн нь нэгд олон нийтийн санаа бодлыг өөрчилдөг, хоёрд олон нийтийн санаа бодлыг баталгаажуулдаг, гуравт олон нийтийн санаа бодлыг шинээр бий болгож төлөвшүүлэх зорилготой байдаг. Өөрөөр хэлвэл хоосон магтаж, хий гүжирдэн гүтгэх биш үнэн зөвийг сонгоход нь л PR туслах үүрэгтэй юм.
Монголчууд бидний амьдрал дээр тохиолдсон PR ажиллагаануудаас жишээ татахгүй юу. Сайн муу аль алинаас нь? Сонирхолтой байна?
- Дэлхийд өнөөдөр PR-ийн 3-н салбар хамгийн эрчтэйгээр хөгжиж байгаа. Энэ нь улс төр, бизнес, шоу бизнесийн PR ажиллагаанууд юм л даа. Улс төрийн PR ажиллагаа Монголд 2000 оны УИХ-ын сонгуулиас эхлэн ажиглагдсан байдаг. Тухайн үед сөрөг хүчин байсан МАХН сонгуульд өрсөлдөхдөө оросын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулан зөвлөгөөг нь сонсож байсан. Бидний хэлж заншсан “хар PR” буюу бохир технологийг ашиглан Ардчилсан холбоо эвслийн эв нэгдэлгүй байдал, албан тушаалын талцсан зөрчилийг ашиглан тэд парламентад үнэмлэхүй олонхийн суудлыг эзэлж байлаа. Энэ нь тухайн үеийн намын удирдлагад ирж буй цагийн төлөөлөл болсон Н.Энхбаяр гарч ирж шинэ арга барилыг зоригтой ашигласны шууд үр дүн юм. Гэхдээ Н.Энхбаяр 2004 оны УИХ-ын сонгуульд байж боломгүй бүдүүлэг алдааг гарган ялагдаж ч байлаа. Оросын PR-ийн багийнхны өгсөн ээлжит зөвлөгөөг өмнөх амжилтандаа эрдсэнээс шууд амьдрал дээр хэрэгжүүлэн өөрийгөө үндэсний баатар, ард түмний удирдагч болгох гэсэн түүний оролдлого өрсөлдөгч нарт нь харин ч боломжийг өгсөн юм. Тэр үед МАХН сонгуулийн хар технологиор мэргэшсэн 40 гаруй сургагчийг Оросоос урьж авчирсан. Тэдний МАХН-д өгч байсан бүх зөвлөмж, судалгааны бүх ажил сонгуулийн үед хэвлэлээр дэлгэгдсэн нь АН-ын өрсөлдөгчдөө барих PR-ын зэвсэг байлаа. Тэдний зөвлөгөөнд иргэдийн анхаарлыг татах, дургүйцлийг төрүүлэх олон зүйл байсан Жишээ нь: тойрог бүрт судалгаа хий, эх орныхоо төлөө гэж хийсэн бүх ажлаа ярь, хов жив цуу яриа тараа, өрсөлдөгчөө доромжил, бор шувууг 7 7 хоногоор нисгэ, хүмүүстэй яаж харилцах вэ, гадаад төрхөө ямар байлгах вэ, хоосон амлалтыг ямар үед өгөх вэ г.м. МАХН-ын удирдах бүрэлдэхүүн 2003 оны намар Оросын төрийн думын сонгуулийг ажиглаж ирээд бид 2004 онд ялалт байгуулах юм байна. Төрийн эрх барьж байгаагийн хувьд хүчээр авна мөнгөөр яаж сонгууль явуулдагийг үзлээ гэж байлаа. Тэр үед УИХ-ын дэд дарга Ж.Бямбадорж бид 64 суудал авах боломжтой юм байна гэхдээ 76 суудал авна шүү гэж ярьж байжээ. Гэвч энэ нь бүтээгүй. Учир нь тэдний сонгосон PR ажиллагаа буруу байсан юм. Орос PR-чид Монголын онцлогийг энэ удаа сайн мэдрээгүй. Харин МАХН тэрийг нь шууд хэрэгжүүлж эхэлсэнд алдаа байсан юм. Оросын сонгуулийн компани асар их мөнгөн дунд, асар их хар сурталчилгаа дунд өрнөдөг. Энэ нь ч аргагүй манайх шиг хэдхэн мянган сонгогчдын төлөө биш хэдэн зуун мянган сонгогчдын тархийг угаахын тулд сонгуулийн компаниа тэд ингэж өрнүүлдэг. Гэтэл тэдгээр PR мэргэжилтнүүд манайд Оростой яг адил шахуу сонгуулийн компанийг явуулсан юм. МАХН сонгуулийн аянаа 4 сарын 20-нд орон даяар МАХН гэсэн тэмдэгтэй Н.Энхбаярын том том хөргүүдийг босгож эхэлсэн. В.И.Ленин, И.В.Сталин, Б.Ельцин, В.Путин нарын хөргүүд л сонгуулийн эхэнд ингэж босч байсан шүү дээ. Лидерийнхээ нүүрээр сонгуульд ялдаг, сонгуулийн үеэр бөөлжмөөр их сурталчилгаа явуулдаг Оросын арга барилаар ажиллахыг тэд сонгосон юм. МАХН-ын сонгуулийн штаб сонгуулийн хороо хэсэг бүрт сурталчилгааны 25 плакат тараасан бөгөөд үүний 15 нь Н.Энхбаярын зурагтай байв. Мөн МАХН-ын мөрийн хөтөлбөр гэсэн номыг гаргасан ба 23 хуудасных нь 18-д нь Н.Энхбаярын зураг байрлаж байжээ. 76 тойрогт нэр дэвшигчдийн тараасан 8 хуудастай сонгуулийн материалын бүх хуудсанд Н.Энхбаярын зураг хэвлэгдэн бүх аймаг дүүрэгт боссон сүрлэг самбаруудын ихэнхийг Н.Энхбаярын зураг эзэлж байлаа. Зөвхөн Улаанбаатарт боссон 200-аад самбарын 170-д нь Н.Энхбаярын хөрөг байжээ. Гэтэл мөн “МАХН таны төлөө тантай хамт”, “МАХН-ын хөгжил”, “МАХН-ыны ялалт” гэсэн уриа плакат бүрт Н.Энхбаярын зураг байсан нь сонгогчдын төдийгүй МАХН-ын гишүүдийн дургүйцлийг төрүүлж байсан юм . Энэ бол Монголд тохироогүй Орос сонгуулийн технологи, PR ажиллагаа байлаа. Тэр сонгуулиар Н.Энхбаяр би Монголчуудыг өргүй болгосон, би л асуудлыг шийдвэрлэж чадсан тиймээс би үндэсний шилдэг удирдагч, би л Монголын бахархал гэсэн дүрийг бүтээн үүнийгээ өөрийн болон МАХН-ын гол давуу тал болгон сурталчилж байлаа. Харин АН-ын зүгээс гагцхүү тэр эрхэмлэн сурталчилж байсан зүйл рүү нь л дайралтаа эхэлсэн юм. Н.Энхбаяр 50 сая долларыг дундаас нь завшсан, харин ч мөнгө авах ёстой байхад мөнгө төллөө, чухам түүнээс л болж Монгол улс олон улсын тавцанд санхүүгийн тусламж авах нүүргүй болтлоо өр зээлд баригдсан, их өр дарагдаагүй гэсэн хар сурталчилгааг явагдаж байлаа. Энэ бүхний дараа Н.Энхбаяр Аугаа их удирдагч Намбарын Энхбаяр биш Аугаа олон Самбарын Энхбаяр болж харагдаж байсан юм. Энэ мэт жишээ яриад л байвал сонины сарын дугаар байсан ч хүрэлцэхгүй биз ээ. Олон сонирхолтой баримтууд бий шүү. /инээв/
PR-ийн тухай ойлголт тэгвэл манайд 2000 оноос эхлэлтэй гэж ойлгож болох нээ дээ. Одоо энэ чиглэлээр ер нь хичнээн хүн ажилладаг юм бол оо. Салбарынхаа Монгол дахь хөгжлийн тухай ярихгүй юу?
- Тэгж ойлгож болно оо. МУИС-ийн сэтгүүл зүйн ангийг суралцан төгссөн хэсэг залуус тухайн үед “Монголын PR ассоциаци” гэдэг ТББ байгуулан энэ чиглэлээр анхлан ажиллаж эхэлсэн байдаг юм. Тэд дараа нь “Media group” ХХК байгуулан томоохон улс төрч, компаниудад PR-ийн зөвлөгөө өгдөг болж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байдаг. Л.Болдхуяг, А.Ганбаатар, М.Буянбадрах нар одоо ч энэ салбартаа толгой хүмүүс хэвээрээ л байна. Эрдэм шинжилгээний ажлын хувьд МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн залуу багш Б.Болд-Эрдэнэ эхний шанг татсан бол түүний шавь Г.Өнөрбаяр 2004 оноос “Монголын PR төв” ТББ-ыг байгуулан дагнасан судалгааны ажлуудаараа энэ салбарын хөгжлийг шинэ шатанд гаргасан байдаг. Тэдэн дээр нэмэгдээд судлаач Б.Энхболд, сэтгүүлч А.Баатархуяг, Г.Уянга, Л.Нинжжамц, Н.Дэмбэрэл, Н.Дагва нарын хүмүүс өөрийн хувь нэмрээ оруулсан. Та анзаарсан бол миний ярьсан хүмүүс дандаа сэтгүүлч мэргэжилтэй хүмүүс байгаа биз. Энэ нь ч аргагүй юм л даа. PR-ийг анх үүсгэсэн хүмүүс нь өөрөө сэтгүүлчид байсан, PR-ийн арга, технологиуд өөрөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин түгвэл илүү үр дүнтэй байдаг гэдгээрээ одоо ч сэтгүүл зүйн салбарын нэг хэсэг гэж үздэг юм. Тиймээс PR-ийн хичээл сэтгүүл зүйн ангийн оюутнуудад л ордог. Гэхдээ олон улсын түвшинд хараад байхад тийм биш байгаа. PR бие даасан шинжлэх ухаан, түүнийг бүхий л салбарын оюутнуудад орох ёстой гэсэн үзэл баримтлалыг барууны болон оросын судлаачид үздэг болчихоод байна шүү дээ. Одоо бол PR-ийн салбар манайд хөгжлийнхөө үедээ орчихсон явж байна гэж би үздэг. Энэ чиглэлээр цөөнгүй ч хүн ажилладаг болж. Гэхдээ хаа хамаагүй хүмүүс би бол PR-чин гэж яриад л нэрийн хуудас тараагаад явж байгааг харахаар харамсдаг юм. Бас би энэ улс төрч дээр тэгж ажилласан, тэрийг л би өдий зэрэгтэй болгох бүх юмыг хийсэн гэж сонин хэвлэлээр бичдэг PR-ийн мэргэжилтний ёс зүйгээ мартсан хүмүүс ажиглагдах л юм. Уг нь хийсэн ажил нууцаараа л үлддэг ёстой юм. Харин судалгаанд ашиглагдах материалуудыг судлаач өөрөө ажиглаж олдог.
Та тэгвэл өөрийгөө энэ салбарын мэргэжлийн хүн гэдгээ юугаар батлах вэ? Бас л шинэ тутам хөгжиж буй салбарыг минийх гэх үзэл ажиглагдаад байна уу даа?
- Яалаа гэж дээ. Салбар бүрт тэргүүлэгчид бий. Үүнийг практик болон эрдэм шинжилгээний гэж 2 хувааж үзэж болох байх. Би Монголд PR-ийн талаар ойлголт маруухан байх үед энэ чиглэлээр мэргэшихээр шийдсэн. Ер нь PR-ийн чиглэлээр эрдмийн ажил хийж МУИС-д хамгаалж чадсан хүн цөөн шүү дээ. Энүүгээр дүгнэх юм бол би эрдэм шинжилгээний ажил тал руугаа л хүн. Гэхдээ практикаа орхиод хэт онолын зүйл хийгээд байвал хөгжих боломж тааруу нь тодорхой. Тиймээс 2008 оны УИХ-ын сонгуульд ажиллаж үзсэн. Сайн ч үр дүнтэй гарсан. Одоо бизнесийн зөвлөгөө ч өгч эхэлж байгаа. Манай салбар чинь өөрөө хүнд танигдахын тулд өөрийгөө маш сайн дайчлахыг шаарддаг онцлогтой. Би хөгжиж байна. Салбарынхаа анхдагчдын хэмжээнд хүрэхийн тулд өндөр ёс суртахуун, боловсрол, олны итгэл даах чадвартай манлайлагч байх ёстой. Хүнд өөрийн мэргэжлээрээ танигдах үнэлэгдэх нь их хэцүү. Гэхдээ болохгүй юм гэж юу байхав. Миний үеийн олон залууст сайхан ирээдүй байна шүү дээ.
PR, маркетинг, реклам 3 чанарын хувьд нээх ялгаагүй юм шиг санагдаад байдаг юм. Сүрхий, сүрхий нэр томьёотой л болохоос. Эсвэл тэднийг адилхан харагдуулаад байгаа зүйл байдаг юм уу?
- Таны ингэж ярих, асуух нь түмэн зөв өө. Яг үүнээс чинь болж олон нийт төөрөгдөлд орчихоод байгаа юм. Оюутан залуус, нийгмийн тодорхой хүрээний хүмүүстэй уулзалт хийх үед тогтмол тавигддаг асуултын нэг нь наадах чинь юм. Би товчхоноор хариулъя л даа. PR бол бодлогын хүрээний гол гол асуудлуудыг шийдвэрлэдэг бол маркетинг хэрэглэгчээсээ хамгийн хурдан аргаар эргэж хариу авахын тулд хийгдэж буй үйл ажиллагаа юм. Харин реклам бол аливаа зүйлийг мартуулахгүй байхын тулд барьж байдаг нэр хүндийн хамгаалалт юм. Ойлголтын хувьд өөр өөр байгаа биз. Гэтэл манайхан энэ 3 яг адилхан юм биш үү гэдэг. Үүнд манайхны сургалтын онцлог нөлөөлж байдаг. Багш бүр өөрийн заадаг хичээлээ хамгийн чухал хэмээн зааж бусад салбарын элементүүдийг өөрийнхөө хичээлд хамсгаад оруулчихдаг. Тэгээд энэ салбаруудад ажиллагсад нь минийх лаг, минийх лаг гэдэг сэтгэхүйтэй болчихсон. Гэтэл угтаа хоорондоо нягт холбогдвол илүү сайн үр дагаврыг авчирдаг л байхгүй юу даа.
PR-ийн салбарт ер нь хэдий хэмжээний хөрөнгө зарцуулагддаг юм бэ? Манайд их мөнгө урсаж байсан тохиолдол байдаг уу?
- Судлаачдын таамаглаж байгаагаар жилд ойролцоогоор 350-400 сая фунт стерлинг PR-ийн салбарт зарцуулагддаг. Үүний талаас илүү хувь нь дан ганц улс төрийн салбарт зарцуулагддаг. Ер нь яг хэдий хэр хэмжээний хөрөнгө зарцуулагддаг нь тогтоох боломжгүй гэж үздэг. Улс төрийн нам, улс төрчид өөрийн зардлаа аль болох дарж мэдээлдэг шүү дээ. Манайд улс төрийн PR-ийг баахан материал хэвлүүлж тараагаад телевиз, сонин бүрээр гараад байвал олны танил болж сонгуульд ялдаг гэж ойлголтоор харвал их мөнгө гарч байна аа. Харин үндсэн технологиудын хүрээнд харвал харьцангуй бага мөнгөөр их зүйлийг амжуулж болохоор байгаа нь харагддаг. УИХ-ын сонгуульд 1 тэрбум, 2 тэрбум төгрөг зараад гарч чадаагүй уйлж суусан хүмүүсийг би харж байсан. Сонгуулийн компанит ажил, нэр дэвшигчдийн PR ажиллагаа гэж зүгээр л хэн нэгний хийдэг ажил биш шүү дээ. Улс төрчийн имижийг бүрдүүлэх, олон нийтийн зүгээс итгэлцлийн харилцааг үүсгэх, тэр харилцаагаа тогтвортой барьж байна гэдэг мэдээж амаргүй. Үүнд тодорхой хэмжээний мөнгө гарч л таараа. Дээр нь улс төрчид нэгэнт өөрөө сонгон авсан бол тухайн PR-ийн арга зүйчдээ бүрэн итгэж зөвлөгөөг нь дагах учиртай. Үнэхээр мэргэжлийн хүн мөн бол таныг бие хүн талаас нь эвдэхгүйгээр олны өмнө манлайлагч болгож чадна.
PR гэдэг зүйлд өнөөдрийн Монголын улс төрчид хэр ач холбогдол өгч байх шиг таньд ажиглагддаг вэ? Би уг нь манай улс төрчдийг бие хүн талаасаа л олон нийтийн өмнө ил гарч ирж бидэнтэй харьцдаг гэж санаад байсан чинь үгүй юм шиг бодогдоод явчлаа.
- Би нэг зүйлийг баттай хэлж чадна. Өнөөдрийн нийгэм, энэ цаг үед PR-ийн цар хүрээ, ач холбогдол өдрөөс өдөрт үнэ цэнэтэй болж байна. PR-д ач холбогдол өгөөгүй болгон арчигдаж түүнийг өөртөө зөв ашиглаж чадсан бүр нь улам өсөн дэвжиж байна. Та анзаарсан бол Монгол улсын ерөнхийлөгчийн орон тооны зөвлөхөөр А.Ганбаатар, мөн Монгол улсын ерөнхий сайдын орон тооны зөвлөхөөр Г.Өнөрбаяр гээд энэ салбартаа бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн залуус ажиллаж, улс төрийн дээд хүрээнд ч PR-ийг хүлээн зөвшөөрч эхэлчихээд байна. Бизнесийн ертөнцөд ч удирдах албан тушаалд PR-аар мэргэшсэн залуус томилогдон ажиллах болжээ. PR улс төрийн гол технологи болж байна. Одоо улс төрчид маань чадварлаг мэргэжилтнүүдийг хайж, олны өмнө гарахдаа тэдний үгийг их сонсох болж.
Энэ тэгээд сайн уу? Муу юу? Бүх зүйл худлаа хоосон зохион байгуулалт болчихсон гэсэн үг үү.
- Сайн байлгүй яах вэ. Одоо дэлхийн бүхий л орны удирдагч, улс төрчид, бизнесийн хүрээнийхэн PR-ийн мэргэжилтнээс зөвлөгөө авдаг болсон. Энэ нь олны өмнө хэрхэн биеэ үлгэрлэн зөв авч явах, хаана хэнтэй юу ярих, хүндрэлтэй асуудлаас хэрхэн гарах, нэр хүндийн хямралыг хэрхэн даван туулах зэрэгт маш тустай. Чадвартай, чадалтай олон удирдагчид энгийн алдааг шаардлагагүй газар гаргаж нэр хүндээ барж байна шүү дээ. PR-ийг сайн талаас нь хараасай гэж хүсэж байна. Дэлхийн улстөрд бүрэн байр сууриа олсон PR-ийг бид үгүйсгээд л байж болохгүй биз дээ. Бохир технологи бол тусдаа асуудал.
Тэгэхээр сайн PR-чинтай л байхад бүхий л өө сэвээ дараад амжилт ирээд тэр хүн нийгэмд сайнаар танигдаад байх нээ дээ?
- Яалаа гэж. /инээв/ PR байлаа гээд сөлөр хүнийг зүгээр, хэлгүй хүнийг хэлтэй, ярьж чаддаггүй хүнийг ярьдаг, тарган хүнийг туранхай харагдуулахгүй шүү дээ. Гол нь тухайн зүйлийн давуу талыг үнэн зөвөөр л хүмүүст таниулж итгэлцэл төрүүлж дагуулах шүү дээ. Худал хуурмаг явдал огт биш гэдгийг дахин хэлье.
Өнөөдөр манай улс төрчид дунд PR-ийн аргуудыг цогц ашиглаж байгаа хүн байна уу? Ажигласан бол бидэнтэй бодлоо хуваалцаач.
- Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан С.Баяр, одоогийн ерөнхий сайд С.Батболд, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн Л.Гүндалай гээд цэвэр PR-ийн технологиудыг тогтмол ашигладаг олны танил хүмүүс байна. Гэхдээ юуг яаж хийсэн, зорилго ямар байсан гэдгийг олонд шууд зарлаад байх нь тийм ч ёс зүйтэй хэрэг биш ээ. Судалгааны бүтээлүүдэд бол энийг тусгаж болдог юм.
PR-ийн онолд имиж буюу дүр бүтээх асуудал чухалд тооцогдох юм билээ. Хамгийн хэцүү нь ямар хүний дүр бүтээх байдаг юм бол?
- Улс төрийн PR-т хамгийн хэцүүд тооцогддог хүчин зүйл бол эмэгтэй улс төрчийн имижийг бүрдүүлэх явдал. Учир нь олон нийт эмэгтэйчүүдийг төр тэргүүлээд явах лидер гэсэн ойлголтоор биш улс төрчийн хань, сайхан ээж, гэрийн эзэгтэй гэсэн үүднээс асуудалд ханддаг. Энэ хандлага дорнын соёл иргэншилтэй орнуудад хүчтэй илэрдэг. Нөгөө талаас нь авч үзвэл нэрд гарсан эмэгтэйчүүдийн гадаад байдал, имижийг олон нийт эрчүүдийнхээс илүү сонирхож, илүү их өөнтөглөдөг. Имижмейкерүүдийн бүтээсэн эмэгтэйчүүдийн имижийг зарим хүн өөлж, буруутгаж, өөр хоорондоо ярих ярианы сэдэв болговол тухайн эмэгтэй улс төрч бухимдаж түүнийгээ имижмейкертээ гаргах тохиолдол их байдаг. Энэ байдлаас үүдэн эмэгтэй улс төрч, имижмейкерүүдийн хоорондын харилцаа зөрчилд хүрдэг. Ер нь эмэгтэй улс төрчийн имижийг бүрдүүлэхдээ эмэгтэй хүний зан чанар бага байхаар тооцоолдог. Эмэгтэйлэг гэхээсээ илүү эршүүд зан чанарыг нь онцлох хэрэгтэй болдог. Учир нь улс төрд хатуу бодлого явуулдаг эрэмгий хийгээд түрэмгий хүмүүс амжилтанд хүрдэг. Ард түмэн ч энэ байдлыг хүсдэг. Жишээ нь дэлхийн улс төрийн тогтолцоонд өөрийн гэсэн давтагдашгүй ул мөрөө үлдээсэн эмэгтэй бол Маргарет Тетчер. Тэрээр өөрийн имижээ оюутан цагаасаа бүрдүүлсэн байдаг. Оксфордын их сургуулийн оюутны холбоог санаачилсан анхны эмэгтэй дарга, Их Британийн парламент дахь сүүдрийн танхимын гишүүн, сөрөг хүчний эмэгтэй удирдагч, Английн засгийн газрыг 12 жил толгойлсон анхны эмэгтэй ерөнхий сайд гэсэн “анхдагч” гэсэн тодотголоор М.Тетчер алдаршсан боловч нөгөө талаараа “эршүүд” гэсэн дүр төрхийг бүрдүүлсэн юм. Тэрээр эмэгтэй хүний уян зөөлөн зан чанараараа эрчүүдийн хооронд эвлэрлийн “гүүр”-ийг барьж тэднийг удирдан жолоодож байсан эмэгтэй болно. Тэрээр “эрчүүдийн бий болгосон эмх замбараагүй бүхнийг эмхэлж цэгцлэх гэж улс төрд орсон”-оо нэг бус удаа онцолсон сурталчилгаа явуулж амжилтанд хүрсээр байсан. Өөрөөр хэлбэл тэрээр эрчүүдийн нураасан ертөнцийг босгогчийн дүрээр гарч алдаршсан. Харин АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан хадагтай Мадлен Олбрайтийн имиж энгэрийн зүүлт байлаа. Тэрээр энгэрийн зүүлтээрээ улс төрийн бодлого, байр суурь, үзэл бодлоо илэрхийлж байсан нэгэн юм. Эмэгтэйчүүд улс төрд орохдоо үсээ богиносгон засаж, албаны хувцас өмсөж ажил хэрэгч дүрд хувирах зайлшгүй шаардлага гардаг. Харин эмэгтэй улс төрчдийг эршүүд байхаасаа илүү эмэгтэйлэг байх ёстой гэж үздэг имижмейкерүүд байдаг. Энэ тохиолдолд амжилт олсон нь нэн ховор байдаг. Манай эмэгтэй улс төрчдийн хувьд энэ асуудал дээр маш их алддаг.
Бидэнд тодорхой асуултын хүрээнд тайлбар өгсөн таньд баярлалаа. Энэ салбарын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэвэл цаг хугацаа, сонины зай ч ахиу байх хэрэгтэй юм шиг байна?
- Тэгэлгүй яах вэ. Маш өргөн хүрээний асуудлыг хамардаг. Улс орны нийгмийн бодлого, улс төрийн сонгууль, дипломат асуудлын хүрээнд ч ашиглагддаг PR-ийн арга технологиудын талаар би анхан шатны ойлголтыг өгч чадсан байх аа. Илүү их мэдээллийг авахыг хүсч байгаа хүмүүс эргэж холбоо барьж болно шүү дээ.
Таньтай холбоо барихыг хүсч байгаа хүн яаж холбогдох вэ?
- Юуны өмнө таньд баярлаж байна. PR-ийн талаар үнэн зөв мэдээлэл өгөхийн тулд ингэж эрэл хайгуул хийж уулзаж байгаа нь чөлөөт хэвлэлийн үндсэн шалгуур мөн шүү дээ. Надтай холбоо барихыг хүсч байгаа хүмүүс urantogtokh_media@yahoo.com хаяг руу мэйл бичиж болно. Та бүхний ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. Эцэст нь хэлэхэд улс төр гэдэг өөрөө тоглоомын талбар. Үүнд өөрийнх нь дүрмээр л тоглохгүй бол шинэ стандарт гэж үгүй. Монголын улс төрд та ард түмний хайртай манлайлагчаар үлдэх үү, асан гэдэг ганц тодорхойлолтоор үлдэх үү энэ таны л сонголт. Харин үүнд PR тусалж чадах юм шүү.
Ярилцлага эхлээд дуусах хүртэл түүний яриаг сонсоод байхад өөртөө итгэлтэй байгаа нь ажиглагдаж байлаа. Мөн PR-ийн мэргэжилтний нэгдсэн холбоо байгуулах хүсэлтэй явдгаа дурсаад салбараа цэгцтэй, шударга байдалд хүргэхийн төлөө зорино гэдгээ ч хэлж байсан юм. Би түүний ярианд итгэсэн. Ярилцлагын үеэр асуултуудад нухацтай бөгөөд дэлгэрэнгүй хариулж байсан чанар нь зарчимч гэдгийг нь илтгээд байх шиг. Сэтгүүлч мэргэжлээрээ одоо ажиллаж байгаа болохоор улс төрийн мэдээлэл, улс төрийн PR 2 хэрхэн холилдож байгааг надад ярьж өгсөн. PR сонирхолтой салбар юм аа.
Comments