Энэ мундаг эрхмийн нэгэн үг надад байнга санагддаг юм. Нэгэн удаагийн хичээл дээр САЙН ХҮН ГЭЖ ЯМАР ХҮНИЙГ ХЭЛЭХ ВЭ: гэж ирээд л... Сайн хүн гэж хажууд нь байхад сэтгэл амар байх хүнийг хэлнэ гэж. Үнэн л үг. Үгээр зэвсэглэж, үгээр уярааж, урамтай сайхан яридаг Гэрэл багшийн нэгэн илтгэлийг сонирхоно уу.
Уран илтгэгчийн зэвсэг бол үг юм.
Үгийн баялаггүйгээр
ярих гэдэг энгийн өдөр тутмын яриа болно. Зүтгэл итгэлтэй байж ярих эрдмийг
эзэмшинэ.
Туслана гэсэн үг хүнд аврал, найдварыг дүрсэлдэг. Хайртай гэдэг үг хүндэтгэл энхрийлэл, ялдам байдлыг бий болгодог. Ална гэсэн үг аймшгийн зураг төсөөллийг ургуулдаг. Үгээр үзүүлж буй дүрслэлүүд эргээд таньд үзүүлэх хариу дүрслэлүүдийг илэрхийлдэг.
Өөдрөг сэтгэлтэй хүн ярих чадвартай байдаг
Юу байна гэхэд? юм болгон байна, юуг нь илүү сонирхож байна гэж хөөр баяртайгаар хэлдэг. Гэтэл ярих эрдэм мөхөс хүн, юу ч үгүй дээ, надаар ер нь юул байгаа аж гэж уруу доройгоор хэлдэг. Энэ хоёр дэс өөр дүрслэлийг бий болгодог. Ажил сайн уу гэхэд Сайн сайн, дэндүү сайн гэх За яахав дээ гэлдэрсэн нь болж явна гэсэн хариултаас ярих чадвартай, өөдрөг сэтгэлтэй хүн мөн эсэхийг дор нь мэдэж болно.
Хүний тухай хүн асуувал тэр сайн хүн шүү гэж өөдрөг сэтгэлтэй хүн хэлдэг. Ярих эрдэмтэй хүн бусдад урам зориг л өгч байдаг.
Хүн бүр ярих эрдэмтэй, нэртэй ярилцагч болохыг хүсдэг. Гэвч энэ хүсэл тэр болгон биелдэггүй. Ерөөсөө ч ярьж чаддаггүй, муу тааруухан ярьдаг хүн олон байдаг. Муухай үг хэлж хараадаг нь дэндүү олон. Энэ нь хэнд ч гоё сайхан харагдахгүй. Хэн нэгэнд тэгтлээ их таалагдахгүй. Танд таалагдсан хүн надад гоё сайхан харагдахгүй байж болно. Надад сайхан хүн хэн нэгэнд ерөөсөө сэтгэгдэл төрүүлэхгүй байдаг. Харин эвсэг нийцтэй яриа хөөрөөтэй нигүүлсэнгүй үлэмж сэтгэлтэй хэн ч хэдийд ч, хэнд ч таалагддаг.
Хүн бүр өндөр боловсрол, тал бүрийг өндөр мэдлэгтэй байх нь мэдээж. Гэвч бүхний дотроос харьцааны соёл дээр тулгуурласан ярих эрдэм яваандаа ноёлох болно гэдэгт та бүрэн итгэлтэй байж болно.
Учир нь дээрх жишээнээс үзэхийн зэрэгцээ хүмүүс хоорондын үл ойлголцох байдал, дайн байлдаан, зэвсэгт мөргөлдөөн, хүч хэрэглэх явдал улам бүр утгаа алдаж, харин харилцан ойлголцох, зохицон зөвшилцөх орон зай тэлэн тэлж зохирлын эринг тогтоохоор зорьж буй билээ.
Сурч мэдэхийн төлөө зүтгэгч хэн боловч өөрөө өөрийгөө танихгүй болтол өөрчлөгдөх гараг эрхсийн нөлөөн дор дэлхийн хүмүүн бид амьдарч байна гэдгийг та хаа нэгтээ сонссон уу? Сонсоогүй ч гэсэн таньд мэдрэгдэж байгаа биз дээ.
Нөгөөтэйгүүр ялдам ааштай, инээд алдсан сайхан яриа хөөрөөтэй хүнийг хүндэтгэн биширч даган соёрхох, урлагтай илтгэгчдийг хүрээлэн тойрч тэдэнтэй нэгдэж нягтрах нийгмийн хууль үйлчилж байгааг танд сонордуулъя. Байгал хийгээд нийгмийн дээрх хоёр хүчин та бидний юу хүсэх, хэн болохоос үл хамаарна.
Улс бүлэг хоорондын болон хувь хүний олон талт харилцаа ихсэж бизнесмен, дипломатын яриа хэл онцгой хөгжиж товч цэгцтэй, үнэн бодитой үгээр зорьсондоо хүрч итгэл зүтгэл гаргасны хүчинд амжилт олж байгаа өнөөгийн нөхцөлд илтгэх урлаг яагаад зайлшгүй хэрэгтэй вэ? гэж асуух нь илүүц юм.
Илтгэх урлаг, зүтгэл гаргасан хэнийг ч, таныг ч:
- Өөртөө итгэх итгэлтэй болгоно.
- Эв эеийг эрхэмлэсэн иргэнлэг хүн болгоно.
- Харьцааны соёл, ярих чадвар хосолсон сайн илтгэгч болгон хөгжүүлнэ.
Иймд орчин үеийн содон хүн бол өргөн мэдлэгтэйгээс гадна харилцааны өндөр соёлтой сайхан ярьдаг илтгэх урлаг эзэмшсэн асархуйн болон нигүүлсэнгүй, үлэмж сэтгэлтэйхүн байх нь ээ. Ярих эрдэм илтгэх урлагыг эзэмших нь өнөө үеийг хэрэгцээ төдийгүй шаардлага болж байна.
Илтгэх урлаг бол олны дунд ярьж нийтийн өмнө уран яруу үг хэлдэг хэлэхүйн шинжлэх ухаан. Уран яруу илтгэхүйн онол номлол урлагийг эртний Грекээр Риторика гэдэг бөгөөд энэ үгнээс Ритор, Оратор, Лектор буюу уран илтгэгч гэдэг үг бий болсон.
Өөртөө итгэлтэй болох нь
Та өөрчлөгдмөөр байна уу? Бололгүй яахав. Та өөрийгөө хэр мэдэх вэ? Өөртэйгөө ярьж үзсэн үү? Гагцхүү та өөртөө л итгэ гэсэн үг танд ер нь ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ? Үнэхээр бид өөртөө итгэх итгэлээр хэр билээ. Ер нь та өртөө итгэх итгэлээ сорьж үзсэн үү? Ах дүү анд нөхөд ойр дотныхноос чинь өөртөө итгэлтэй хэн билээ гэж тунгааж үзсэн үү?
Үзсэн бол яагаад өөртөө итгэлтэй гэж бодоо вэ? Ямар шалгуураар үнэлэв? Үнэхээр өөртөө итгэлтэй хүн мөн үү? Дур зоргоороо хүн үү? Зөрүүд хүн биш биз?
Хамт олон, багш, эцэг эх, ах дүү, дарга ер нь өөрөөсөө л өөр хүн бол хэнд ч бид өөрөөсөө илүү итгэдэг юм биш биз? Өөрийгөө хэрхэн хүмүүжүүлэх вэ?, Өөрөө өөртөө итгэ, Өөртөө туслах ухаан, Танд өөрөөс чинь өөр хэнч тус болохгүй, Зөвхөн та л өөрөө өөртөө эзэн, Өөрийгөө хайрла, Өөрийгөө баярлуул, урамшуул гэсэн ном товхимол, гарын авлагууд яагаад олноороо хэвлэгдэн тэр нь олдоц багатай байна вэ? Эрхэм та анзаарав уу?
Та эдгээр ном товхимолоос алийг нь уншсан бэ?
Төсөрхөн жишээ татъя. Яагаад сайн илтгэж чадсангүй вэ? гэсэн асуултанд хамрагдагсадын 42.5% нь өөртөө итгэлгүйгээс гэжээ. Илгэж чадахгүй байх гэж айснаас тал хувь нь бүтэлгүйтжээ. Үүнээс үзэхэд хүн өөрөө өөртөө итгэх итгэлээр тун бага байдаг болох нь харагдаж байна. Та юу гэж бодож байна. Дээрх саналтай нийлж байна уу? Хэн өөртөө итгэлтэй байж чадна түүний зүтгэл, хийсэн ажлын үр дүн, би чадна гэсэн итгэл өөрт нь хүч өгдөг. Жишээ нь: Би чадна гэж итгээд хэн нэг өстөнтэйгээ эв эеэр харьцаж эвлэрч чадсан бол, учраа ололцсон бол, би чадна гэсэн итгэл зүтгэлээр нийтэд сайхан яриа хийж өгсөн бол зүтгэлийн чинь үр дүн нь юуны өмнө таньд өөрт чинь баяр хөөр сэтгэлийн ханамжыг авчирна. Тэр их баяр өөрийгөө урамшуулах өөртөө итгэх итгэлийг танд бий болгоно.
Чадна гэсэн таны итгэл зүтгэл дахин яриа хийх юмсан гэсэн хүсэл тэмүүлэлд өөрийн эрхгүй хүргэж оюун ухааныг чинь өдөөж угаас заяасан бахдалыг чинь хөдөлгөнө. Ингэж илтгэх урлаг өөртөө итгэлтэй болоход тань танд туслана. Нийтийн өмнө ярих, нэг хүнтэй ярих аль ч яриа өөрөө өөртөө итгэх итгэлийг бий болгож өөрийнхөө гэсэн бүх чадлыг дайчлан гаргаж өөрөө буюу би төвтэй бие даасан ухааныг үүсгэдэг.
Энэ хязгаарлагдмал ухамсараас бие даасан ухамсарт хүрсэн, илтгэх урлагийн боловсролын орон дахь ухамсарын зэрэг ахисаныг харуулж байна. Энэ ухаан бусдын заавар дохиогүйгээр танаар юм хийлгэнэ. Хэний ч оролцоогүйгээр юм хийнэ гэдэг сэтгэхийн үндэс. Сэтгэ, зүтгэ. Сэтгэж зүтгэж л байвал та юм бүтээнэ гэсэн үг. Юм бүтээхэд алдаа гарах нь мэдээж гэвч зүгээр суухаар зүлгэж суу гэсэн үгтэй.
Та өөртөө итгэ. Сайн илтгэгч болж чадна гэсэн бүрэн итгэл зүтгэлтэй бай. Итгэлтэй ярьж сурахад өөрийгөө үнэмшүүл. Өөрийгөө урамшуул бас баярлуул, шамдуул.
Та өөрөө сэтгэ, бүтээ. Хэн ч хэзээ ч хэлээгүй үгийг өөрөөсөө эр хай. Тэгээд ол. Олсоноороо өөрөө илтгэлээ бэлтгэ. Бэлтгэсэн илтгэлээ бусдад ярь.
Өөртөө итгэлтэй болоход тань энэ том дадлага туршлага болно. Хэн ч гаргаагүй зүтгэлээр зүтгэ.
Хүнийг гэрэлтэй талаас нь хар. Бүү муу хэл. Битгий шүүмжил. Хүнд хэлэх үгийг эхлээд өөртөө хэлж бай. Хэлээгүй үг чиний боол, хэлсэн үг чиний ноён болдог. Ноёнтой заалдсанаас боолоо ноолох нь дээр.
Иймээс ярих эрдэм нь хувь хүн, ялангуяа залуу үеийнхэн хийгээд иргэншсэн нийгмийн шаардлага төдийгүй бүхний зайлшгүй хэрэгцээ болж байна.
Илтгэхүй нь сэтгэхүйд нөлөөлдөг арга бөгөөд итгэн үнэмшүүлэх, ятган ухуулах зорилготой.
Эв эеийг эрхэмлэсэн нигүүлсэнгүй сэтгэлтэй
иргэнлэг хүн болох нь
Үг сөрвөл хэрүүл гэсэн хэзээний үгтэй. Эвлэвэл бүтдэг ховловол гутдаг гэсэн үнэний ухаан ч бий. Маргаж муудалцахад хэн хэн нь буруутай мэт харагддаг төдийгүй хоёулаа таатай сэтгэгдэл төрүүлдэггүйг бодоход маргалдаж муудалцах нь яав ч сайн үйл биш болой. Энэ муу үйлээс сэргийлэх ганцхан арга бий. Энэ бол та хэрүүл маргаанд оролцохгүй байх явдал. Аргагүйн эрхэнд та оролцдог юмаа гэхэд түргэн зогсоох арга байдлыг та бид нэгэнт мэдэх билээ. Та мартчихаагүй биз дээ тэсвэр тэсвэрлэх шүү дээ.
Энэ аргыг эзэмшихэд тань чухамхүү ярих эрдэм л туслана. Та анзаарсан байх л даа. Ярьж сурсан харьцааны соёл эзэмшсэн хүн дуу цөөнтэй байдаг. Дуугарлаа ч намуун зөөлөн дуугаар оновчтой хэлдэг. Ярианы уран чадвар харьцааны соёл хоёрыг хослуулан эзэмшсэн хүн хэр барагтай бол хэн нэгэнтэй хэрүүлийн алим хуваалцдаггүй. Учир нь нигүүлсэнгүй сэтгэлтэй болсон байдаг. Хэрэлдэж муудалцаж байгаа хүмүүстэй та тааралддаг л биз дээ. Учраа олохгүй мугуйдлаж байгаа хүнийг хараад та юу гэж боддог вэ? Энэ хүнд үг дутаж байна гэж та боддог уу? Тэгвэл таны зөв, үүнийг хүмүүс ухаан дутлаа гэлцдэг. Тиймээ үг зөрвөл гар зөрдөг. Гар зөрөхөд гомдол тасардаггүй. Ингэхгүй байх шилдэг аргыг илтгэх урлаг танд баттай эзэмшүүлнэ.
… Зэр зэвсэг минь баяртай, эелдэн нийцэх зохирлын эрин зуун эхэллээ. Үгийн увидасаар ярилцагч талууд учраа ололцох шинэ мянган мандтугай гэсэн үгээр сүлд модны цэнгүүнээ нэгэн хөтлөгч нээж билээ. Эв эеэр учраа ололцохоос өөр аргагүй цаг үе ирж байна гэсэн хөтлөгчтэй би санал нийлж байлаа. Эв зүйг сахисан нь, хэн хүлээцтэй нь нэр хүндтэй үлддэг. Хэн хурдан нь биш, хэн хүчтэй нь биш, хэн хэлэмгий нь биш эцсийн эцэст хэн тэсвэртэй нь ялагч болдог.
Хүн өөрөө миний буруу гэдгээ дотроо мэдэж байгаа хэрнээ гаднаа миний зөв гээд зүтгэж зөрүүдлээд байдаг мөн ч сонин шүү.
Би ч бас өөртөө нэг их зөв өгөхгүй л байна… гэж ихэд уурлаж бухимдсан нэгэнтэй намуун зөөлнөөр ярьсан Хан-Уул дүүргийн тамгийн газрын нэгэн түшмэлд, тэвчээртэй хандаж байгаа явдалд нь бахархах сэтгэл төрж билээ. Тухайн үед тэр түшмэлд буруу байгаагүй. Харин нөгөө этгээд нь уурлан бухимдаж хэлэх хэлэхгүй үгээр дайрч байсан. Гэвч тэр тэсвэртэй байсныхаа төлөө ялагч болж чадсан. Оволзон уурлаж байсан нэгнийг эелдэг үг ярих чадвараараа зөөлрүүлээд зогсоогүй миний буруу гэж нөгөө этгээдээр хэлүүлж чадсан билээ. Түүгээр ч барахгүй уучлал гуйлгаж чадсан тэр нэгэн явдал санаанаас гардаггүй юм. Үүнээс үзэхэд илтгэж ярих чадвар танхимд, зөвхөн нийтийн өмнө төдийгүй бас ганцаарчлан уулзаж ярихад улам ч илүү илэрдгийг дээрх жишээ харуулж байна.
Ганцаарчилсан уулзалт өнөөдөр давтамж өндөртэй болжээ. Бизнесийн ажил хэргийн ихэнхийг уулзалт эзэлдэг. Сургууль өгссөн үнэмлэх, диплом, түүн дээр бичигдсэн дүнгээс илүү тэр хүний ярих чадвар ажил олгогчид сэтгэгдэл төрүүлдөг. Жишээ: Нэгэн байгууллагын ажилтан цахим тооцооны дамжаанд суралцахаар их сургуулиудаар явж, нэг томоохон сургуулийн захирал дээр цаг авч оржээ. Мэнд усаа мэдэж өөрийнхөө тухай товч танилцуулан уулзаж буй зорилгоо хэлээд эцэст нь уг сургуулийн тохь тух, гял цал байдлын талаар цөөн үгээр урам хайрлажээ. Захирал эхлээд тоомжиргүй мэт байснаа ярих тусам улам анхаарч эцэст нь бүр хэзээний танилууд шиг илэн далангүй болж түүгээр ч барахгүй та манай сургуульд багшлахгүй юу, цагаар багшлаад ажлаа давхар хийгээд явж болно шүү дээ гэсэн санал тавьжээ. Захиралд тэр ажилтан сайхан сэтгэгдэл төрүүлсэн хэрэг. Иргэнлэг нигүүлсэнгүй байж зөв сайн ярьж чадсан гэсэн үг л дээ. Та ч гэсэн манайд ажиллаач гэсэн урилга хүсэлт хүлээж авмаар байгаа биз дээ. Тэгвэл та чадна. Гагцхүү та хэнтэй ч хэдийд ч эв найртай харьцаж сайхан сэтгэлээр хандаж бай. Ярьж илтгэх урлагийг нигүүлсэнгүй сэтгэл болгон эзэмшээрэй. Энэ урлагийг эзэмшээгүй бол та хэзээ ч ийм урилга хүсэлт хүлээж авч чадахгүй болов уу. Иргэнлэг нигүүлсэнгүй үлэмж сэтгэлтэй сайн хүн болоход чинь илтгэх урлаг танд тусална.
Илтгэх урлагийн онолын үндэс нь үгийг зөв хэлэхэд болон ярихад оршино.
Харьцааны соёл , ярих чадвар хоёрыг хослуулах нь
Мэргэжлийн ба сонирхогчдын хүрээнд төдийгүй хүн бүрийн ажил албандаа ахин дэвших хэрэгсэл, баяр баясгалан, аз жаргал эдлэх арга, хүмүүс бүлэг хоорондын ойлголцлын уг сурвалж бол иргэний нигүүлсэнгүй нийгэм дэх үлэмж сэтгэлийн харилцаа мөн гэдгийг та хүлээн зөвшөөрнө бизээ.
Өнөөгийн хүмүүсийн харилцаа өргөн цар хүрээтэй болж соёл, шинжлэх ухаан, эдийн засгийн талаар хамтран ажиллах, сонгуульд өрсөлдөх, зах зээлийн нийгэмд байгаа ядуурал, түүнийг дагаад бий болдог зөрчлүүдийг зохицуулах нь нийгэм төрийн зүтгэлтэн төдийгүй байгууллага, айл өрхийн тэргүүн, хүн нэг бүрийн чадварыг сорьсон чухал асуудал боллоо. Таны чадварыг ч бас сорьж байна. Энэ эмзэг асуудлыг шийдэхэд хосолмол чадвар таньд гол туслагчийн үүрэг гүйцэтгэнэ.
Иргэний нийгэмд хүн өөрөө өөрийгөө үнэлүүлэх илүү боломж өөртөө итгэлтэй байх бүрэн үндэстэй. Эзэн хичээвэл заяа түшдэг нийгэм билээ.
Үлэмж сэтгэлээр зөв ярьж зөв харьцаж урлагтай хэлэх нь жинхэнэ түншлэлийг бий болгож зах зээлийг хөгжөөдөг. Ярих чадвар бүхий харилцааны соёлтой хүн ажилд авна гэх болжээ. Таньд аль аль нь хослож илтгэх урлагийн ухаарлын орны цагаан толгой болсон харьцааны соёл төлөвшин тогтсон уу?
Тогтоогүй бол …Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. Та дараа дахин залгана уу? Таны залгасан утас түр салгагдсан байна, одоогоор залгагдах боломжгүй тул та түр хүлээгээд дахин залгана уу? гэсэн мобикомын автомат харилцааг уян налархай сайхан дуутай хүн байх юм, эелдэг зөөлөн харьцаатайг нь яанаа гэж гайхан ярьж хөдөөгийн нэгэн ахин дахин чагнаж байн байн сонсож байжээ.
Шинэ зуун хэдийгээр зохирлын зууны эхэн боловч үлэмж сэтгэл гаргах нь байтугай үл ойлголцох хурц маргалдаантай үетэй тулгарч байна. Нэг хэсэг нь эвсье гэж байхад нөгөө хэсэг нь эсрэг хандаж байна.
Ялангуяа энэ ингэж байхад би яагаад хариуг нь өгөхгүй байх ёстой юм бэ гэсэн өгөө авааны өрсөлдөөнөөс хувь хүмүүсийн хооронд өс хонзон үл ойлголцох явдал тасралтгүй гарсаар байна. Жишээ нь: Өгөө аваа өс хонзонгийн үүдэлтэйгээр 2001 онд 1438 хүн амь насаа алдаж үл ойлголцсон хэрүүл маргаанаас 6467 хүн хүнд ба хөнгөн бэртэж гэмтжээ. Энэ нь ардын хувьсгал, Халх гол, 1945 оны чөлөөлөх дайнд алуулсан шархадсан хүнээс давж байна. Үүнээс 681 хүн амиа хорлосон. 2002 он гараад удаагүй ч амиа хорлогчид хэдэн арваар нэмэгджээ. /Хөх толбо, 2002 он/. Үүнээс хойш даруй гурван жил өнгөрөөд байхад дээрх үзүүлэлт буураагүйгээр барахгүй Азид 2-р байр эздэх болтлоо өсжээ. 688.000 энэ бол сэтгэцийн хямралтай хүмүүсийн тоо. Ингэж өсөж байгаа нь нигүүлсэнгүй үлэмж сэтгэлтнүүдийн нийгэмд эзлэх хувь ямар байгааг харуулж байна. Дээрх мэдээг бичигч ядуурал, ажилгүйдэл ихэссэнтэй холбон уг явдлыг тайлбарлажээ. Энэ нь үнэний хувьтай боловч гол үнэн биш. Гол үнэн нь хүмүүс эв нэгдэлгүй болж, хайрлах сэтгэлээ гээж, өөртөө итгэх итгэлээ алдаж нигүүлсэнгүй үлэмж сэтгэлээ барж байгаагаар тайлбарлагдана. Баясах урамших юмгүй, бахархах хүлээх хүнгүй, ямар нэг зорилгогүй хэний ч итгэл алдарч ирээдүйгүй болдог.
Зорилготой хүн мөнгөтэй хүнээс илүү. Зорилгогүй мөнгөгүй байж болно. Гагцхүү сэтгэлийн хатгүй л байж болохгүй. Амьдрахын арга тасарвал үхэхийн ёр ордог гэдэг. Үгүй, амьдрахын арга тасардаггүй, харин хүний ухаан барагдаж оюун санаа нь хоосрох үе гардаг. Чухам энэ үед л ийм байдалд орсон хүн хэн нэгтэй ойлголцоход хэцүү байдаг. Тиймдээ ч ганц сайхан үгээр дутаж яваа хүнд гарцаагүй түүнийг нь олж хэл гэсэн бизээ. Хүнд ойлголц гэж хэл заяасан, малд тийрэлц гэж хөл заяасан. Ойлголцож эе эвийг сахих хэцүү ч ойлголцохоос өөр аргагүй. Учир нь 1 хувьсгал 2 дайнд алдсанаас илүү хүнээр тайван цагт хохирсон харамсалтай баримтыг дахин дурдмааргүй байна.
Илтгэх урлагийг эзэмших нь хэцүү биш
- Юуны өмнө илтгэж ярих урлагийн онол арга зүйг мэддэг байх.
- Үгийг бусдад хэлэхийн өмнө өөртөө хэлж заншсан байх.
- Бусдыг муулдаггүй, алдаа дутагдлыг нь уучилдаг сайхан сэтгэлтэй байх.
- Уурлаж бухимддаггүй нигүүлсэнгүй үлэмж сэтгэлтэй байх шаардлагуудыг амьдралдаа хэвшүүлдэг тэсвэр тэвчээр шалгасан урлаг юм.
Энэ урлагийг нэн түрүүн эзэмшсэн байх хүмүүс бол багш сурган хүмүүжүүлэгчид, оюутан суралцагч, албан хаагчид, худалдаа наймаа эрхлэгч, өмгөөлөгч, хуульчид, өрхийн тэргүүлэгчид юм.
Багш сурган хүмүүжүүлэгчид бол илтгэх уран чадварыг жинхэнээр нь эзэмшигчид мөн. Энэ чадварыг эзэмшсэн багш бол Цецироноос ч илүү дуугарч болно. Багш хүн мэдлэг заах арга, ярих чадварын аль нэгээр дутах учиргүй.
Илтгэх урлаг дамжаанд суралцагчид илтгэх урлаг хичээл заалгасан оюутнуудаас илтгэх урлаг хичээл хэрэгтэй юу? гэсэн асуулгын дүнгээс үзвэл: Энэ хичээл их хэрэгтэй, ус чандмань эрдэнэ гэдэг бол илтгэх урлаг хүний эрхэм эрдэнэ. Энэ хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнханд яаралтай оруулах хэрэгтэй. Илтгэх уран чадвар ус агаар шиг хэрэгтэй үе ирж явна. Бусдыг сонсож сурна, мэдлэг нэмэгдэнэ, өөрийгөө зөв илэрхийлж чаддаг болно, асархуй, нигүүлсэнгүй, үлэмж сэтгэлтэн олноороо төрнө. Илтгэх урлаг хэрэгтэйгээр барахгүй бүр шаардлагатай гэж 100% магадлан батламжилсан байна. Мөн маш их хэрэгтэй энэ хичээл арван жилд сурч байхад минь ороогүйд харамсаж байна. Миний хувьд юм л бол урьтаж дуугардаг, нуугаад яахав хов жив ярих сонирхолтой. Хүнийг муулах нь сайхан юм шиг санагддаг байснаа больсон. Манай ангийнхан чи бүр шал өөр хүн болжээ гэж билээ. Ярих хүнтэйгээ дуугүй өнгөрөх нь нөхрийг алддаг, ярихгүй хүнтэйгээ хэлэлцэх нь үгээ алддаг гэсэн илтгэх уран чадвар хичээлээр хэлэлцэгдсэн яриа намайг их өөрчилсөн. Гэхдээ хичээл ордоггүй гээд шалтаг тоочилгүйгээр өөрөө бие дааж суралцаж ч болно шүү дээ.
эх сурвалж: http://speaker.mn/
- Get link
- X
- Other Apps
Labels
Ярих урлаг
Labels:
Ярих урлаг
- Get link
- X
- Other Apps
Comments