Skip to main content

Дэгжин дээлээрээ гоёно биз дээ

Дэгжин дээлээр гангарагсад жилээс жилд нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Хүүхэд байхад өвөө, ахын шинэ дээлийн илүү дутуугаар эмээгийнхээ урласан дээлээр жил бүр гангардаг байж :-) #Дурсамж,Бага нас 

Дээл бусад гоёлын ханшийн мэдээлэлэлтэй танилцана уу::: #ЦагаанСАР 

Цагаан сар айсуй. Сүүлийн жилүүдэд иргэд томоохон баяр ёслолоор үндэсний хувцсаараа гангарах, гоёх болсон билээ. Тиймээс баяр хаяанд ирсэн эдгээр өдрүүдэд “Нарантуул” захыг зорин сар шинийн гоёлын үнийг сонирхлоо. Түм түжигнэж, бум бужигнасан энэ л газар иргэд хямд үнэ, сонголтыг нь харан дундаж амьдралтай хүмүүсийн зорин ирдэг. Тиймээс захаар орж, үнэ ханш судлангаа үндэсний хувцасны талаар хүмүүс ямар бодолтой болсныг тандлаа.Сонголт арвинтай Монгол дээл Монгол түмний уламжлалт их баяр цагаан сараар шинэ дээл өмсөн тухайн шилийн өнгөө тодорхойлдог уламжлал өнөөдрийг хүртэл өвлөгдөн ирсэн. Тиймээс цаг нь тулсан цагаан сарын өмнө иргэд хэдийнээ захиалгаа хаасан салон, оёдлын газрын хаалгыг сахин царайчласнаас энд ирж, бэлэн урласан дээл сонгох их болж. Монгол дээлийн бас нэгэн гайхамшиг бол Европ, Ази хувцас шиг тэр бүр нарийвчилсан хэмжээ заагаад байхгүй хэн хүнгүй тааруулаад өмсчихдөг онцлог хувцас. Тиймээс энд л хамгийн өргөн сонголтоор дан дээлээс эхлээд даавуу, торгон, хөвөнтэй, кашмер, ноолууран тэр бүү хэл хурга, булган дотортой гээд төрөл бүрээрээ өнгө алаглана байна. Залуучууд “хүннү” болон орчин үеийн загвар бүхий дээлийг түлхүү сонгож байсан бол дунд болон хижээл насныхны энгийн загвартай кашмеран дээлийг илүүтэй сонирхон худалдан авч байгаа харагдсан шүү.


Үнэ ханш нь ч янз бүр. Хамгийн хямддаа 20 мянган төгрөгийн үнэтэй хүүхдийн дээл. Хүүхдийн дээл загвар, хийц, материалаасаа хамаараад хамгийн үнэтэй нь буюу ууж, хантаазтайгаа 75 мянган төгрөг байв. Харин том хүний дээлийн үнэ 70 мянган төгрөгөөс эхэлж байлаа. Дундаж дээл 180-250 мянган төгрөгийн үнэтэй байна. Хос дээл 450-500 мянган төгрөг. Хос дээлийн загварын хувьд өнөөх “хүннү” хэмээх загвар голчлон байсан бөгөөд материалын хувьд кашмер зонхилж байсан шүү. Харин хамгийн үнэтэй нь битүү хурган дээл 950 мянгаас нэг сая 500 мянган төгрөгийн үнэтэй байсан. Нэгэнт дээл авсан хүн монгол цамц, хантааз сонирхож магадгүй юм. Тэгвэл монгол цамц 30-40 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин хантааз эрэгтэй нь 80-150, ууж 75-120 мянган төгрөгийн үнэтэй байна.

Сар шинээр нэг лангуунаас 60-200 дээл борлогддог

“Нарантуул” захын дээлний нэг лангуу цагаан сараар 60-200 дээл борлуулдаг гэнэ. Өөрөө дээлээ урлан энд зогсож, борлуулдаг эмээтэй хэсэг зуур ярилцан зогслоо. Тэрээр өнгөрсөн жилийг бодвол энэ жил дээл урлан энд авчирч, борлуулдаг хүмүүсийн тоо өссөн болохоор гүйлгээ багассан хэмээн ярьсан юм. Уран гартан эмээ маань гэртээ дээлээ урлаад өдөртөө эндээ зогсож зардаг аж. Өнгөрсөн жил цагаан сарын үеэр 160-аад дээл борлуулжээ. Энэ жил материалын үнэ бага зэрэг өссөн учраас үүнийгээ дагаад дээлний үнэ ч өссөн гэнэ. Монголчууд аливаа юмыг цагийг нь тулгаж хийдэг болохоор өдийд л хэдэн дээлээ борлуулаад авдаг гэнэ. Түүний цагаан сард зориулан урласан дээлүүдээс 60-аад нь хэдийнээ эзэндээ очжээ.


Харин эмээгийн зэргэлдээ зогсон дээл зарж буй залуу “Цагаан сар дөхсөн болохоор хүмүүс дээл авах нь ихэссэн л байна. Гэхдээ өнгөрсөн жилийнхийг бодвол үнэ нь арай нэмэгдсэн. Тэгсэн ч гэсэн түрүү жилүүдийнхийг бодвол манайхан дээл авах нь эрс ихэссэн. Хүмүүс голдоо хүннү энгэртэй дээл сонирхож байна. Одоо цагаан сар дөхөх тусам илүү үнэд орох байх” хэмээн ярьсан юм. 

Хамгийн эрэлттэй малгай “Лоовууз”

Дээл өмсөж, гоёх бол малгай, бүс, гутал бэлдэх гээд хэрэгцээ их. Тэгвэл зах дээр шляпан малгай 15-50 мянган төгрөгийн үнэтэй байна. Бас л материалаасаа шалтгаалж байгаа юм гэсэн. Харин булган малгай 250-300 мянган төгрөг, тарваганы арьсан малгай 100 мянга, илбэнхэн малгай 150 мянга төгрөг гээд л төрөл бүрээрээ байна лээ. Энэ жил хамгийн эрэлттэй байгаа малгай бол “Лоовууз” гэнэ. Хөгшин, залуу гэлтгүй хэн хүнгүй зохих энэхүү малгайг том, жижиг, торгоны өнгөний сонголттойгоор том хүнийх 25-50 мянга, хүүхдэд зориулсан нь 15 мянган төгрөгийн үнэтэй аж. Мөн үнэг, чонын арьс болон чоно, үнэгний хөлтэй болон чихтэй малгай ч эрэлттэй байгаа бөгөөд тэрхүү загваруудыг залуус их сонирхон авч байгаа харагдсан шүү. Та ийм малгайг загвар хийцээс нь шалтгаалан 70-85 мянган төгрөгөөр өөрийн болгох боломжтой.

Дээл, малгайгаа бэлдчихсэн хүн мэдээж үүндээ тохирох аятайхан гутал сонирхоно шүү дээ. Цааш гутлын лангууны Монгол гутлын хэсгийг зорилоо. “Нарантуул” дээр элдэв хээтэй арьсан гутал, хром, монгол, буриад, цааны годон гутлууд төрөл төрлөөрөө лангуун дээр өрөөстэй. Үнийн хувьд ээтэн хоншоортой арьсан гутал 50-80 мянган төгрөг, монгол хром 50 мянга, Орос хром 600-800 мянган төгрөг, хүүхдийн нэхий дотортой гутал 25-30 мянган төгрөг гээд төрөл өнгөний хувьд өргөн сонголттойгоор эгнүүлэн тавьжээ. Мөн Монгол гутлын хувьд ямар ч хээ угалзгүй, цулгай нь 80-150 мянган төгрөг, 32 угалзтай бол 350-400 мянган төгрөг байсан. Ерөнхийдөө угалзнаасаа шалтгаалаад янз бүрийн л үнэтэй юм билээ.

Ямар ч байсан монголчууд нэг үеэ бодвол үндэсний хувцсаа өмсөхийг хүсдэг, гангарахыг боддог болж. Үндэсний хувцас гэдэг тухайн үндэстний маш том соёл. Тэр дундаа монгол хувцас ганган хээнцэр, биед эвтэйхэн, өнгө загварын шийдэл сайнтай байдаг. Тиймдээ ч дэлхийд гайхагдаж байгаа. Уншигч авхай та цагаан сараар үндэсний хувцсаараа гангарахаар шийдсэн бол зах ороод үзэхэд илүүдэх юун. Тэгээд ч баяр хаяанд ирсэн үед "Нарантуул" захаар "шур" хийн бэл бэнчингийнхээ хэмжээгээр бэлэн бараанаас сонголтоо хийхэд яагаад болохгүй гэж.


Г.ДАША www.news.mn 





Comments

Popular posts from this blog

Босс гарын үсэгтэй болох ЖОР

Би 8-р ангид байхаасаа л гарын үсгээ төрөл төрлөөр нь эрээчдэг хүүхэд байлаа. Харин одоо бол дажгүй хэвшсэн гэж боддог юм. Та бүхэн доорхи мэдээллийг сонирхон гарын үсэгээ шинжээрэй. Паркер бариад л чухал баримтанд үзэглэж байх тийм цаг үе өнөөдрийн залуусын ирээдүйн тэмүүлэл байгаасай гэж би боддог. Өнөөдрөөрөө өөдрөг амьдарцгаая.  Хүмүүс гарын үсэг биш нэрээ бичдэг бол чадваргүйн шинж хэмээн үздэг. Хэрвээ гарын үсэг нь жигд дээшээ явах зураасаар эхлээд мөн жигд дээшээ, өөдөө явах зураасаар төгсөж байвал тэр хүндээ их хөрөнгө мөнгө, амжилтыг авчирдаг. Та өөрийн таних мэдэх бүх амжилттай байсан бөгөөд амжилтын оройд яваа хүмүүсийн гарын үсгийг шалгаарай. Тэгээд хэрвээ та үүнийг үнэн болохыг олж харвал өөрийн гарын үсгээ иймэрхүү ээлтэй зураасаар эхлүүлж, төгсгөх дадлага хий. Доор үзүүлсэн гарын үсгүүдээс хамгийн ээлтэй нь А ба С юм. Гарын үсэг С: Энэ нь хамгийн сайн Фэнг Шүйг агуулсан бас нэгэн гарын үсэг юм. Эхлэл ба төгсгөл нь өөдөө явсан зураастай байхыг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...

ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРӨГ 2 хувилбараар хадгалагдан иржээ.

Тайваний нийслэл Тайбей хотын музейд эх хувилбар нь хадгалагддаг энэхүү зургийн талаарх цөөн мэдээллийг нэгтгэв. Санамсаргүйгээр и-монголиа сайтаар үйлчилгээ авахаар хайж явтал байдаг юм байна. танд ч гэсэн хэзээ нэг цагт хэрэг болвол татаад аваарай.  1949 онд Дундад Иргэн Улсын Ерөнхийлөгч Чан Кайши Хятадаас дүрвэн Тайвань арал руу гарахдаа, лавтайяа сүүлийн мянга орчим жилийн туршид Хятад орныг эрхшээсэн үе үеийн зүрчид, монгол, хятад хаад төрж барьсаар ирсэн Бээжин дэх Хааны ордонд тэдгээр үе үеийн хаад, дээдэс эдэлж хэрэглэж, хадгалж хамгаалж ирсэн хэдэн мянган эд өлгийн зүйлс, хаадын эрдэнэсийн санг зөөж авчирсны дотор энэ хөрөг хүндтэй байр эзэлдэг хосгүй үнэт өв дурсгал юм.  (Оюутан байхад музейд дэлгэгдэх боломж гарч мөн очиж үзэж байсан юм. хэзээ нэг цагт манай Чингис хааны музейд дэлгэгдээсэй билээ гэж бодож сууна. УБ 2024 12 10. 10.42мин) Эх сурвалж №1  Юань улсын үед (XIV зуун) бүтээгдсэн Чингис хааны хөрөг. Үндэсний Ордон Музей, Тайбэй, Тайвань. Анхны хувилба...