Skip to main content

Аавдаа

Хүний дайтай хүн шиг хүн байхын утга нь ААВ шигээ ААВ байхын нэр гэж би боддог. Миний тухайд энд хэдэн өгүүлбэр яарч сандран бичихийг илүүд үзсэнгүй. Бодолд минь дараастай явдаг тэр эрхмийн тухай дараа хүүрнэх болно. Ааваа гэж алдрай үр минь дуудах бүрт, би ч бас аавыгаа дуудмаар л болдог юм.  Энэ дууг та ч бас сонсоорой. 

Цахим найзынхаа хуудсаар зочилж байгаа та нартаа сайн сайхныг хүсье. 



-Бурханы оронд одсон өдөрт нь зориулав-


...Улиран улирах он жилүүдийн энэ л нэг өдөр аав минь биднийгээ орхиод гэгээн алсад одсон. Нөмөр нөөлөгтэй уулс гэнэт нурж, нүцгэн жаварт жиндэн даарахдаа бид гэнэт балмагдсан. Мөнхийн мөнхөд хамтдаа л байх юм шиг санаж, энэ л амьдралын баяр жаргал, гомдол гунигийн сүлэлдээнд гагц тандаа л очиж учирладаг байсан бид, таныг ингээд л яваад өгнө гэж санаагүй. Яваад очиход минь инээгээд л тосдог байсан, яриа учирлал дунд минь өөрийн сэтгэлээ сүлж байсан та, ингээд яваад одно гэдгээ бидэнд хэлээгүй. Тэгэхэд та гуутай жаазан дунд бидэнд инээмсэглэлтэйгээ үлдсэн. Тэр мөчөөс хойш бид өөрсдөө л сүрлэг уулс болон өндийх хэрэгтэйгээ ухаарсан.



Балчир бага байхад минь та ямар өндөр сүрлэг харагддаг байсан гээч, яг л уул шиг нөмөр нөөлөгтэй. Хожим нь бид өндөр болж биднээс намхан аавыгаа харахдаа тэр их "өндөр" нь нуруунд нь биш сэтгэлд тань байсныг ойлгосон. Буруу зөрүү зүйл хийхэд минь хашгирч зандрахгүй ч харцаараа л биднийг зэмлэдэг байсан. Хожмын нэгэн цагт зэмлэсэн ширүүн харцны тань цаана хайр өхөөрдөл "нуугдаж" байсныг олж харсан. Холын холд яваад ирэхэд тань би таныг санадаг байсан. Хаа нэгтээ сууж харуулдана. Гэртээ эргэж ирэхэд тань ямар их баярладаг байсан гээч. Чихэр амттан горьдож бус, таны эзгүйд гэрт хургасан жаврыг илч дулаанаар хөөхийг мэдрэх сайхан байсан. Хааяа гэр дээр унасан их цасыг унагах гэж гарахад тань дагаж гарна. Өвлийн жаврыг илч дулаанаараа хайлуулж байсан таны инээмсэглэлд би даардаггүй байсан.



АавдааЗөндөө олон хүүхдүүдийнхээ идэж уух, өмсөж зүүхийг зэхэж байхдаа улиглан гоморхож байхыг тань сонсоогүй. Магад та амьдралын ачааг үүрч чаддаг тэнхээтэй байсных байх. Хааяадаа өвдөж шаналахдаа ёолж байхыг тань сонсоогүй. Биднийг зовоочих вий хэмээн шүд зуун тэсдэг байсан байх. Хэн нэгэнтэй муудалцаж сэтгэл тань шаналахдаа бухимдаж байхыг тань ажаагүй. Хэдэн муусайн хүүхдээ зовоогоод яах вэ? гэж боддог байсан байх. Ховор ч гэлээ эр хүний сувдан нулимс хэлхэж байхыг тань анзаараагүй. Монгол эр хүний сэтгэлийн хатыг давтаж байсан байх. Архинд хөлчүүрхэн цамнаж байхыг тань үзээгүй. Өөрийн үргэлжлэл үр хүүхдүүддээ муу үлгэр үзүүлэхгүй гэж тэвчдэг байсан байх. Та сайн аав байсан болохоор үр хүүхдүүд бид тань өнөөдөр сайн хүмүүс болж өндийж байгаа. Яг л намхан толгод сүрлэг уулс болон өндийдэгтэй адил. Нар мандсан энэ ертөнцөд гайхамшигт цэцэгс ургадагтай адил. Үүлс ярагдаж тэнгэр цэлмэхүйеэ өнгийн солонго нумран хөвчилдэгтэй адил.



Та зөндөө л хүмүүст тус болж буян үйлдсэн, яг л чин сэтгэлээсээ. Одоо тэд ач санадаг эсэхийг би мэдэхгүй. Он жилийн уртад бусдын сэтгэлд дурсамж үлдэнэ гэдэг гайхамшиг. Хэн нэгэн ядрах мөчдөө хэн нэгний сайхан сэтгэлийн тусыг эргэн санадаг. Бас нэгэн сайхан үгсийг эргэн дурсдаг. Сэтгэлд шингэн үлдсэн тэр үгний төлөө аньсага чийглэн, нулимс унагана. Тэрэн шиг үнэ цэнэ хүмүүний ертөнцөд бий билүү? Таны сургаж хүмүүжүүлсэн олон олон сайн муу залуус энэ ертөнцөд өөрийн амьдралаараа амьдарч буй. Тэд нэгээхэн хоромд ч болов таныг дурсдаг бол, сайхан л байна. "Миний аав мундаг шүү" гэж үр хүүхдүүд бид дандаа л боддог. Түүнд нэмэх нэгээхэн дурсамж ч аавын минь үнэ цэнийг тодруулдаг. Тэгэхэд л бид таныг энэ ертөнцөд мөнх оршиж байгааг мэдэрдэг, бусдын сэтгэлд. Тэгээд бид ааваараа бахархахдаа чин сэтгэлээсээ инээмсэглэдэг, "миний аав сайн хүн шүү" гэж.



Одоо би хааяадаа таныгаа дурсахдаа "тэртээх тэр ертөнцөд даарч ядарч яваа болов уу?" хэмээн зовинодог. Тэртээх холын ертөнцөөс "биднийгээ харж байгаа байх даа" хэмээн тайвширдаг. Тэр тусмаа "муу явж болохгүй шүү, аав минь харж байгаа" гэж өөртөө хэлдэг. Тэгээд л хичээдэг. Хүн л юм болохоор алдаж гэнэдэхдээ ааваасаа л сэтгэлдээ уучлал гуйдаг. Тэгэхдээ бичсэн болгоныхоо доор нэрээ бичихдээ ааваараа л овоглодог. Хүмүүс миний бичсэн болгоныг уншихдаа аавын минь нэрийг уншаасай гэж би хүсдэг. Тэр болгонд таны нэрийг шившиж байгаасай гэж залбирдаг. Нэр тань миний нэрний өмнө бичигдэж байдаг болохоор "би муу явах эрхгүй", аав аа. Түүнийг уншсан хүн болгон "сайн аавын сайн хүү" гэж хэлээсэй гэсэндээ би хичээдэг. Бусдын атаархлаас үүдэлтэй зүхэл юу юм бэ? би түүнийг нулимж орхидог. Бусад нэгэн намайг магтахад би таньдаа талархдаг. Та үгүй бол би энэ ертөнцөд ирж амжих байсан гэж үү? Тэгээд ч бид өдий зэрэгтэй явж чадаа ч үгүй юу?



Хүмүүний ертөнц тэнхлэгээ эргэн эргэдэг, яг л цагираг мэт. Хүмүүс бид энэ ертөнцөд ирээд л буцдаг, нүүдлийн шувууд мэт. Бид гэгээн алсад одохдоо ямар "мөр" үлдээснээ эргэн харах хэрэгтэй мэт. Яг л тэнгэрт дүүлсэн шувууд газарт үүрээ засдагтай нэгэн адил. Бид хэн нэгний сэтгэлд дурсамж болон үлдвээс "хүн болж төрсөний хэрэг мэт". Хэнд ч дурсагдахгүй одвоос зоогийн ширээн дээр бусдын нясалгаан дунд эрсдэх ялаа шумуул, жоом мэт. Жаахан учир утгатай, зорилготой амьдармаар. Жаргал зовлонгийн дэнсийг өөрийн ухаан тэвчээрээр тэнцүүлж баймаар. Тэгээд л үр хүүхэддээ дурсагдаж, үгүйлэгдэн амьдармаар. Тийм болохоор би аавынхаа тухай дурсамжийг сэргээсэн юм. Тэр нэгэн цагт таныг үдэхдээ тэргүүн дээр тань залсан чулуун хөшөөний оронд сэтгэлийн сүү, шаналал шингээсэн дурсамжаа хөндөв, би. Та минь мөнхөд амгалан оршиг ээ. Бид таны үргэлжлэл болохоор "Харнууд" овог энэ дэлхийд дуурсагдан бахархагдах цаг ирнээ. Үүний төлөө хүү тань ёслов. Бусдад нэгэнтээ сануулав.



ААВТАЙ ХҮН ХЭЗЭЭ Ч МУУ ЯВЖ БОЛДОГГҮЙ ЮМ.



Харнууд овгийн Г.Галбадрах gala_mn@yahoo.com 

Comments

Popular posts from this blog

“Манжин” Орос ардын үлгэр

Аавуудын үлгэрийн цаг эхэллээ... Та бяцхан хүүдээ охиндоо үдэш амтат зүүдэндээ аялахад нь та тусалж өөрийнхөө багадаа сонсдог байсан сайхан үлгэрүүдээ заавал уншиж, яриж өгч байдаг гэдэгт би итгэлтэй байна.  Ингээд цэцэрлэгт байхдаа сонсдог, дүрд нь хүртэл хувирч байсан үлгэрийг хүргэж байна. Хүүхэд бол бидний тусгал тул өөрөөрөө үлгэрлэцгээе. Найзуудаа... Залуус аа  ОРОС АРДЫН ҮЛГЭР {МАНЖИН} Өвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад татаад дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав.   Эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад бас л дийлсэнгүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Нохой ач охиноос, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойноос, нохой ач охиноос, ач охин эмээгээс, эмгэн өвгөнөөсөө, харин ...

Босс гарын үсэгтэй болох ЖОР

Би 8-р ангид байхаасаа л гарын үсгээ төрөл төрлөөр нь эрээчдэг хүүхэд байлаа. Харин одоо бол дажгүй хэвшсэн гэж боддог юм. Та бүхэн доорхи мэдээллийг сонирхон гарын үсэгээ шинжээрэй. Паркер бариад л чухал баримтанд үзэглэж байх тийм цаг үе өнөөдрийн залуусын ирээдүйн тэмүүлэл байгаасай гэж би боддог. Өнөөдрөөрөө өөдрөг амьдарцгаая.  Хүмүүс гарын үсэг биш нэрээ бичдэг бол чадваргүйн шинж хэмээн үздэг. Хэрвээ гарын үсэг нь жигд дээшээ явах зураасаар эхлээд мөн жигд дээшээ, өөдөө явах зураасаар төгсөж байвал тэр хүндээ их хөрөнгө мөнгө, амжилтыг авчирдаг. Та өөрийн таних мэдэх бүх амжилттай байсан бөгөөд амжилтын оройд яваа хүмүүсийн гарын үсгийг шалгаарай. Тэгээд хэрвээ та үүнийг үнэн болохыг олж харвал өөрийн гарын үсгээ иймэрхүү ээлтэй зураасаар эхлүүлж, төгсгөх дадлага хий. Доор үзүүлсэн гарын үсгүүдээс хамгийн ээлтэй нь А ба С юм. Гарын үсэг С: Энэ нь хамгийн сайн Фэнг Шүйг агуулсан бас нэгэн гарын үсэг юм. Эхлэл ба төгсгөл нь өөдөө явсан зураастай байхыг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...